Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгогчдын саналыг худалдаж авах зорилготой $15 сая Оросоос шилжиж ирснийг илрүүлснээ Молдовын цагдаа зарлав

Т.Давааням, ikon.mn
2024 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Молдовын ерөнхийлөгч Майя Санду

Энэ сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг луйвардах зорилгоор ОХУ-аас $15 саяыг шилжүүлсэнтэй холбоотой хэд хэдэн баривчлах ажиллагаа явуулснаа Молдовa улсын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Европын талыг баримтлагч Молдовa улсын ерөнхийлөгч Майя Санду хоёр дахь удаагаа сонгогдохоор өрсөлдөж байгаа бөгөөд тэрбээр Оросын талаас сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаа явуулж буйг олон удаа анхааруулж байсан юм.

Зөвхөн есдүгээр сард Молдовын иргэдийн дансанд Оросоос нийт $15 саяыг шилжүүлсэн баримтыг илрүүлсэн тухай тус улсын цагдаагийн албаны тэргүүн Виорел Чернауцану өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

Энэ мөнгийг 100,000 гаруй хүний саналыг худалдаж авах зорилгоор хувь хүмүүсийн дансанд шилжүүлсэн юм байна.

Чернауцану энэ хэргийг “сонгуулийн үйл явцад нөлөөлөх зорилготой, урьд өмнө гарч байгаагүй том хэмжээний ажиллагаа” гэж дүгнэжээ.

Цагдаагийн хүч энэ хэрэгтэй холбогдуулан нийт 25 байрлалд баривчлах ажиллагаа явуулсан гэнэ.

Мөнгийг гадаадад дүрвэсэн бизнесмэн, улс төрч Илан Шортой холбоотой хүмүүс Молдова руу шилжүүлсэн гэж цагдаагийн удирдлага үзэж байгаа юм байна.

Аравдугаар сарын 20-ны өдөр 2.6 сая хүн амтай Молдова улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зохион байгуулагдахаас гадна Европын Холбоонд элсэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураах юм.

Өнгөрсөн онд луйврын хэргээр шүүхээс эчнээ ял сонссон Шор бүх шилжүүлэг “хууль ёсны дагуу байсан”, “Молдова улс эцэст нь цагдаагийн засаглалтай улс боллоо” гэх зэргээр Телеграм хуудсандаа шүүмжлэн бичжээ.

Тэр бас хамтдаа тэмцлээ үргэлжлүүлэхийг Молдовын иргэдэд уриалсан байна.

Энэ оны дөрөвдүгээр сард Оросын талыг баримтлагч улс төрийн хүчнүүдийн “Ялалт” эвслийг Москвад хотод байгуулснаа Шор зарласан юм.

Гэсэн ч Молдовын сонгуулийн ерөнхий хороо тус эвслийг хэд хэдэн зөрчлийн улмаас бүртгэхээс татгалзаж байжээ.

Дөрөвдүгээр сард Москвад зохион байгуулагдсан хурлаас буцаж ирсэн хүмүүсээс Молдовын цагдаа нар $1 сая орчмыг “хууль бус улс төрийн санхүүжилт” нэрээр хураан авч байв.

 

Эх сурвалж: AFP