Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

НАТО-гийн шинэ тэргүүн Украинд айлчиллаа

Т.Давааням, ikon.mn
2024 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт үүрэгт ажилдаа орсон НАТО-гийн шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте өчигдөр Украины нийслэл Киев хотод айлчилж, тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзжээ.

Нидерландын ерөнхий сайд асан Рутте ажлаа хүлээж авсан өдрөө буюу Мягмар гарагт үг хэлэхдээ Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцлийг тууштай дэмжихээ мэдэгдэж байв.

Энэ үеэр тэр бас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ч ялсан хамтран ажиллаж чадахаа амлажээ.

Руттегийн мэдэгдлийн хариуд Зеленский “Украин улсын НАТО-д элсэх үйл явц эргэлт буцалтгүй бөгөөд бид энэ зорилгодоо тууштай хэвээр байна” гэж мэдэгдсэн юм.

Марк Руттег ерөнхий сайдаар ажиллаж байх үед Нидерланд улс нь Европ тив дэх Украины хамгийн идэвхтэй дэмжигчдийн нэг байлаа.

Рутте бас 2014 онд Украины нутаг дэвсгэрт Малайзын агаарын тээврийн MH17 нислэгийн дугаартай онгоц осолдоход Нидерландын ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.

Оросын дэмждэг дорнод Украины салан тусгаарлагчдын буудаж унагасан гэгддэг энэхүү онгоцны 298 зорчигчийн дийлэнх нь Нидерландын иргэд байжээ.

Энэ ослын дараа Руттегийн “дэлхий ертөнцийг харах өнцөг өөрчлөгдөж, өөрийн улсын болон Украины аюулгүй байдлыг хангахын төлөө тууштай ажиллах ёстойг ойлгосон” гэдэг.

Зеленский одоо Өрнөдийн илгээсэн алсын тусгалын зэвсгийг Оросын газар нутгийн гүнд хэрэглэх зөвшөөрлийг холбоотнуудаасаа хүсэж байгаа.

Одоо Украины арми фронтын шугам дээр маш хүнд сорилттой тулгараад байна.

Оросын зэвсэгт хүчин ложистикийн чухал төв Покровск хотын чиглэлд алгуур давшиж, 10 хүрэхгүй километрийн зайд ирээд байгаа.

Хэрвээ энэ хотыг Украины арми алдвал Донецк мужийн үлдсэн газар нутаг Оросын хяналтад шилжих эрсдэл улам нэмэгдэх юм.

Мөн Оросын агаарын цохилтод эрчим хүчний дэд бүтэц нь ихээхэн хохирол амссан Украины хувьд ирэх өвөл маш хүнд өнгөрөхөөр байна.

Арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялбал Украинд үзүүлэх тусламжийн хувь заяа эргэлзээтэй болно.

Ийм эгзэгтэй цаг үед НАТО шинэ удирдагчтай болж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press