Уншиж байна ...

Б.Ардак: Үе тэнгийн хүчирхийллийг бууруулахын тулд хүний эрхийн ойлголтыг түгээх нь чухал

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгахад хамгийн үр дүнтэй арга нь хүний эрхийн боловсролыг түгээх байдаг.

Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын тухай хуулиар хүний эрхийн боловсролыг түгээх чиг үүрэг хүлээдэг бөгөөд 2001 онд байгуулагдсан цагаасаа эхлэн албан бус боловсролын тогтолцоогоор дамжуулан хүний эрхийн боловсрол олгох сургалтыг үндэсний хэмжээнд үнэ төлбөргүй зохион байгуулж иржээ.

Энэ талаар ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Б.Ардак сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Би өөрөө багш хүн учраас боловсролын салбар дахь хүний эрхийн мэдлэг, ойлголт ямар түвшинд байгаа талаар мэдээлэл өгье.

ХЭҮК-оос багш, сургуулийн удирдлагууд, хүүхдүүд, ажилтнуудад хүний эрхийн боловсрол олгох сургалт зохион байгуулаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд 40 гаруй сургуульд, 70-80 цагийн сургалт явууллаа.

Өнөөгийн нийгэмд хүний эрх зөрчигддөггүй салбар гэж алга. Би багш хүний хувьд хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ гэдэг зарчмыг баримталдаг.

Хүний эрх зөрчигдөж байгаа шалтгаануудыг судлаад ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангид сургалт зохион байгуулж эхэлсэн. Хүний эрхийн тухай хуулийг хүүхдүүдэд таниулах арга хэмжээг авдаг. Сургалт явуулахаасаа өмнө тандалт явуулж судалгаа хийхэд хүний эрхийн зөрчлийн талаар 70-80 хувь нь огт мэддэггүй нь анзаарагдсан.

Ингээд 1-2 сургалт явуулсны дараа хүүхдүүдийн хандлага, багш нарын ойлголт өөр болж эхэлж байна. Сургалтын дараа давтан судалгаа авахад мэдлэг, ойлголт нь дээшилсэн байдаг.

Тийм учраас хүний эрхийн боловсролыг нэг удаагийн сургалт, нөлөөллийн ажлаар дүгнэж болохгүй, тасралтгүй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны түвшин доогуур иргэдийн дунд хүний эрхийн мэдлэг тааруу байгаа нь ажиглагддаг. 

Боловсролын Ерөнхий Газар (БЕГ)-ын дэмжлэгтэйгээр манай байгууллага Баянзүрх дүүргийн төрийн өмчит 33 сургуульд "Үе тэнгийн дарамт, хүчирхийллийн талаар" сэдэвт сургалтыг дөрвөн сарын турш явуулсан. Энэ хүрээнд судалгаа, тандалт хийх зорилгоор нэгэн сургуулийн нийгмийн ажилтантай уулзахад "Манай сургуульд үе тэнгийн дарамт, хүчирхийлэл нэг их гардаггүй, 10 гаруй хүүхэд л ийм асуудалд холбогдсон" гэдэг. Харин хүүхдүүдтэй уулзаад товч ярилцлага хийхэд энэ тоо эрс өсөж 400 гаруй хүүхэд ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигдөж байгааг тогтоосон.

Сургалт явуулсны дараа давтан судалгаа хийхэд буурсан нь харагддаг. Тийм учраас үндэсний хэмжээнд тасралтгүй үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг онцолъё.

Манай улсын эрхзүйн баримт бичгүүдэд хүүхдийн эрх бичигдээгүй хууль гэж бараг үгүй. Хуульд заачихсан мөртлөө амьдралд хэрэгжихгүй байгааг анхаарах ёстой.

Үе тэнгийн дарамт, хүчирхийлэл тодорхой түвшинд буурч байгаа ч огт арилаагүй. Үүнийг бүрэн арилгахын тулд эцэг эх, багш, хүүхдүүдэд хүний эрхийн талаарх зөв ойлголтыг түгээх хэрэгтэй байна" гэж ярилаа.