Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Одоо С.Зоригийн нас барсныг тойрч ярихаас илүүтэй үзэл санааг нь түгээж, монголын нийгмийг ямар болгохыг зорьж байсан бэ гэдгийг ярих ёстой"

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 10 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн асан С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Тэрээр 26 жилийн өмнөх энэ өдөр бусдын гарт амиа алдсан билээ.

Ардчилсан Намаас УИХ-д сонгогдсон гишүүд, Нийслэлийн Ардчилсан Намын төлөөлөл, Монголын Ардчилсан Хүчин /МоАХ/ зэрэг олон байгууллага, иргэд цэцэг өргөв.

Мөн энэ үеэр УИХ-ын даргын захирамжаар өнөөдөр байгуулагдсан “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж, эрүүдэн шүүгдсэн Монгол Улсын иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаар эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны явцтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг”-ийн төлөөлөл мэдээлэл өгөв.

С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөхөөр цугларсан хүмүүсийн заримаас уг хэргийг улс төрийн зорилгоор ашиглах болсонд ямар байр суурьтай байгааг нь сонирхлоо.

Б.Ган-Очир: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны амь нас эрсэдсэн орой хамт байсан юм шигээр ярьдаг болсон

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Ган-Очир “С.Зориг агсны бусдын гарт амь насаа алдсан хэргийг эрх баригч Монгол Ардын Нам сонгуулийн увайгүй мэх болгож, байж боломгүйгээр ашигласанд үнэхээр харамсаж байна. Нэгдүгээрт, эрх баригчид энэ хэргийг илрүүлэх хүсэлгүй, хоёрдугаарт, жилийн жилд С.Зориг агсны үхлээр улс төр хийдэг дархан мэхтэй болчихсон. Үүнийгээ 1998 оноос хойш сонгууль болгоноор хэрэглэж байна.

Сүүлдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны амь нас эрсэдсэн орой хамт байсан юм шигээр ярьдаг болсон. Энэ бол цэвэр хууль хяналтын, тусгай чиг үүргийн байгууллагын ажил. Гэтэл улс төрийн аллагыг улс төрийн сонгуульд ялах хэрэгсэл болгоод байгаа нь маш увайгүй үйлдэл юм. Ерөнхий сайд тухайн үед Ардчилсан Намынхан бүгдээрээ нийлж байгаад С.Зоригоо хөнөөчихсөн юм шигээр ярих болсон.

Энэ хэргийн улс төржүүлэхээ болиод хуулийн байгууллагаар нь шалгуулаач гэж гуймаар байна. Гэвч хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэг дээр улс төрийн зорилготой пиарын баг шиг ажилладаг болчхоод байгаа. Үүнийг л болиосой гэж хүсэж байна” гэв.

С.Цэнгүүн: Миний хувьд С.Зориг агсан ардчиллын үзэл санааны лидер

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Маш олон жил улс төржүүлээд, хэтэрхий хий хоосон байдлаар яваад ирэхээр утгагүй санагдаж эхэлж байна л даа. Хэргийг нь шийдэх хангалттай хугацаан өнгөрлөө. Гэвч энэ хэргийг зөвхөн улс төрийн зорилгоор үе үе гаргаж ирдэг нь таалагддаггүй.

Миний хувьд С.Зориг агсан ардчиллын үзэл санааны лидер. Тиймээс энэ хүний үйл хэргийг үргэлжлүүлэх ёстой. Энэ цаг үед ардчиллыг авч үлдэх үйл хэргийг үргэлжлүүлж, ардчиллаа бэхжүүлэхэд илүү анхаарах ёстой гэж үздэг.

Би хувьдаа энэ парламентад чөлөөт эдийн засгийн хөгжүүлэх замаар хувь хүнийг өмчтэй болгохыг зорьдог. Хүн өмчтэй байж байж эрх чөлөөтэй байна. Эрх чөлөө нь ардчиллын суурь юм. Энэ утгаараа төрөөс хамааралтай бүх салбарыг чөлөөлснөөр иргэдэд боломжийг нээж өгнө. Энэ нь ардчиллын бэхжүүлэх хамгийн том суурь гэж үздэг" гэв. 

Ч.Лодойсамбуу: АН-ын залуус "Зориг" нэртэй ардчиллын хүрээлэн байгууллаа

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “1998 оноос хойш С.Зориг гэдэг хүнийг хэрхэн нас барсан тухай л ярьсаар ирсэн. Залуу гишүүний хувиар энэ цагаас хойш С.Зориг ямар үзэл санаа тээж, монголын нийгмийг ямар болгохыг зорьж байсан бэ гэдгийг ярих ёстой гэж үзэж байна.

2000 оноос хойш энэ хүний нас барсан хэрэг нь хүмүүсийн албан тушаалт очдог шат болчхоод байгаа. Яг тэр аргыг хэрэглэсэн хүмүүс өнөөдөр эрх барьж, засаг удирдаж байна. Тиймээс Ардчилсан Намын залуус энэ хүний нас барсныг тойрч ярихаас илүүтэй үзэл санааг нь олон хүнд түгээж, хүрээллээ тэлэх үйл хэргийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд С.Цэнгүүн гишүүн болон хэсэг залуус нийлээд “Зориг” нэртэй ардчиллын хүрээлэн байгуулсан. Энэ хүрээлэн нь орон даяар намын дэргэдэх байгууллага болж, ардчиллын үзэл санааг эргүүлэн сэргээхийн төлөө ажиллана" гэлээ. 

Х.Баасанжаргал: Сонгуулийн циклээс хамааралгүйгээр энэ хэрэг эцэслэн шийдэгдээсэй гэж хүсдэг

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Х.Баасанжаргал “Энэ хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч, хуульч нар байр сууриа илэрхийлсэн байдаг. Тухайн хэргийг прокурор, шүүхийн шатанд хянан шийдвэрлэгдэх үйл явц нь өөрөө маш удаан. Мөн маш олон субъектив хамааралтай, эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас хэргийг янз бүрээр тайлбарлах эрсдэл гараад байдаг.  

Хуульчийн гэхээс илүү хувь хүний хувиар сонгуулийн циклээс хамааралгүйгээр энэ хэрэг эцэслэн шийдэгдээсэй гэж хүсдэг.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж, эрүүдэн шүүгдсэн Монгол Улсын иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаар эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны явцтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг”-ийн гишүүний хувиар хэлэхэд, энэ хэрэгт холбогдон шалгагдаж, хохирсон хүмүүсийн хохирлын асуудлыг зайлшгүй шийдвэрлэх ёстой. Орчин цагт ийм хэлмэгдүүлэлт байх ёсгүй" хэмээлээ.