Уншиж байна ...

Хималайн нурууны нэг гол Эверестийн оргилыг улам өндөр болгож байгааг судлаачид тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 10 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн өндөр уул болох Эверест байх ёстойгоосоо 15-50 метр өндөр байгаа бөгөөд үүнд түүний бэлээр урсдаг нэг голын урсгал нөлөөлж байгааг хэсэг эрдэмтэд тогтоожээ.

Тухайлбал Хималайн нурууны бэлээр урсдаг Арун голын ус Эверестийн суурь хэсгийн хөрс, чулуулгийг элээсний үр дүнд жил тутам 2 мм-ээр өргөж байгааг Коллеж Лондоны Их сургуулийн судлаачид тогтоосон байна.

“Энэ нь хөлөг онгоц ачаагаа багасгахтай яг адилхан үзэгдэл. Хөлөг хөнгөрөх тусам өмнөхөөсөө арай өндөрт хөвдөг. Үүнтэй адил хөрс хөнгөрөх тусам уул дээш өргөгдөж байгаа юм” гэж судлаачдын нэг Адам Смит тайлбарлажээ.

Энэтхэгийн хойг 40-50 сая жилийн өмнө Евразийн эх газрыг мөргөснөөс Хималайн нуруу үүссэн гэдэг. Одоо болтол энэ мөргөлтийн нөлөө үргэлжилж байгаа гэж үздэг.

Харин Арун голын нөлөө энэ өргөлтийг улам эрчимжүүлж байгаа юм байна.

Арун голын урсгал Эверест болон түүний ойролцоох бусад оргилуудыг дээш түлхэж буй энэ үзэгдлийг геологийн шинжлэх ухаанд “isostatic rebound” гэж нэрлэдэг ажээ.

“Эверест болон түүний зэргэлдээ оргилууд “isostatic rebound” үзэгдлийн нөлөөгөөр илүү хурдтай өргөгдөж байна. GPS багаж хэрэгслийн тусламжтай бид энэ хурд жилийн 2 мм болохыг тогтоож байсан. Харин одоо бид ямар хүчин зүйл үүнд нөлөөлж буйг тогтоолоо” гэж судлаачдын нэг доктор Мэттью ярьсан байна.

Эверест уул Хятад, Балбын хил дээр оршдог. Арун гол Эверестийн хойд хэсэг буюу Төвөдийн өндөрлөгөөс Балбын чиглэлд урсаж, өөр хоёр голтой нийлснээр Коси нэртэй голыг үүсгэдэг юм.

Энэ гол цааш Энэтхэгийн хойд нутгаар урсаж, Ганга мөрөнтэй нийлдэг ажээ.

 

Эх сурвалж: BBC