Баасан гарагт Ливаны нийслэл Бейрут хот дахь Хезболла зэвсэгт байгууллагын төв байр Израилийн агаарын цохилтод өртөх үеэр тус байгууллагын удирдагч Хассан Насралла алагдсан билээ.
Тэгвэл энэ цохилтын үеэр Ираны томоохон генералуудын нэг Аббас Нилфорушан алагдсаныг Тегераны төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.
58 настай Нилфорушан нь Ираны Хувьсгалт Гвардын хуурай замын хүчнийг хариуцсан командлагч байсан юм.
Тэрбээр Ливанд ямар зорилгоор очоод байсан талаар мэдээлэл алга байна.
Хувьсгалт Гвардын тусгай хүч Кудс хэдэн арван жилийн турш Хезболлагийн дайчдыг зэвсэглэх, сургах ажлыг гүйцэтгэж байсан юм.
Нилфорушан бусад генералуудынхаа нэгэн адил Ираны гол дайсан Израил улсын бодлого, үйл ажиллагааг шүүмжилж, элдвээр гутаан доромжилдог байжээ.
“Сионист дэглэмд үндэстэн угсаатны, соёл, нийгмийн, цэрэг батлан хамгаалахын зэрэг олон тулгамдсан асуудал бий. Эдгээр нь одоо өмнөхөөсөө илүү эмзэг, сүйрлийн байдалд байгаа” гэж тэр 2022 онд IRNA агентлагт ярьж байв.
АНУ-ын сангийн яам 2022 онд Нилфорушаныг хориг арга хэмжээний хар жагсаалтдаа нэмж байжээ.
Түүний хариуцдаг байгууллага Ираны олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг нухчин дарах ажлыг хариуцдаг гэсэн шалтгаанаар уг хоригт орсон байна.
Тухайн үед Иран даяар эмэгтэйчүүдийг шашны хуучинсаг ёс уламжлалын дагуу хувцаслах шаардлагыг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл өрнөж байсан юм.
Энэ үеэр Нилфорушан хилийн чанад дахь Ираны дайснууд иргэдийг жагсаал тэмцэлд өдөөн турхирч буйг шүүмжилж байжээ.
Нилфорушан бас 2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайнд оролцож, ерөнхийлөгч Ассадын дэглэмд хүчин зүтгэж байв.
Тэрбээр бусад генералуудын нэгэн адил 1980-аад оны Иран-Иракийн дайнаар ажил, албан тушаалын замналаа эхлүүлж байжээ.
Сүүлийн саруудад Ираны эрх баригчид Өрнөдийн орнуудтай харилцаагаа зөөлрүүлэхийг эрмэлзэж байгааг янз бүрээр илэрхийлэх болсон.
Нилфорушаны үхэл энэхүү хичээл зүтгэлд нь саад болж магадгүй байна.
Энэ оны долдугаар сард Ираны хатуу чиг баримжаатай ерөнхийлөгч Эбрахим Раиси нисдэг тэрэгний ослоор амиа алдсаны дараа реформист Масуд Пезешкян шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Хэдийгээр Израилд шүүмжлэлтэй ханддаг ч Пезешкян тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаар Өрнөдтэй хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлтээ илэрхийлж байгаа.
Одоо Иран улс ураныг зэвсэг бүтээх хэмжээнд хүртэл баяжуулдаг болоод байгаа юм.
Баасан гарагт гарсан Хезболлагийн удирдагчийн аллагыг зүгээр өнгөрөөхгүйгээ Тегераны эрх баригчид амласан ч яг ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!