Уншиж байна ...

Ч.Цогтбаяр: Хүүхдийг зохих нэр төрөл, давтамжаар хооллож чадаагүйгээс болж өсөлтөд нь нөлөөлж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 26
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2023" нэгдсэн үр дүнгийн талаар танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Тус судалгааг таван жил тутамд нэг удаа авдаг бөгөөд энэ удаа Үндэсний Статистикийн Хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан хамтран хийсэн байна. 

Судалгаанд улсын хэмжээнд нийт 12,438 өрх хамрагдаж, 151 үзүүлэлтээр мэдээлэл цуглуулан үр дүнг нэгтгэсэн аж. Хүүхдийн хооллолтой холбоотой авсан судалгааны үр дүнгийн талаар Нийгмийн Үзүүлэлтийн Түүвэр Судалгааны дотоодын зөвлөх Ч.Цогтбаяр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Манай судалгаа бага насны хүүхдэд тулгуурлаж явагддаг. Хүүхэд өрх гэртээ хэрхэн яаж өсөж байгаа, вакцинжуулалт, хоол тэжээл, өсөлт хөгжилт гэх мэт зүйлийг судалгаагаар гаргахыг хичээдэг. Тус судалгаанд таваас доош насны 5,117, 5-17 хүртэлх насны 6,868 хүүхэд хамрагдсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхэд төрснөөс хойш нэг цагийн дотор эхийн сүүгээр хооллох ёстой гэсэн зөвлөмжийг өгдөг. Бидний хийсэн судалгаагаар эрт амлуулалт 70 орчим хувьтай гарсан. Арван хүүхэд тутмын гурвыг төрснөөс хойш нэг цагийн дотор эхийн сүүгээр амлуулж чадахгүй байна.

Үүнээс гадна хүүхдийг төрснөөс хойш зургаан сарын дотор эхийн сүүгээр дагнан хооллох ёстой. Эхийн сүүгээр дагнан хооллолтын талаар энэ удаагийн судалгаанд өмнөх судалгаанаас ахицтай сайн үзүүлэлт гарч чадсангүй. 

Хүүхдийг бага насанд нь таваас дээш төрлийн бүтээгдэхүүнээр баяжуулсан хоолыг зохих давтамжаар хэрэглүүлснээр өсөлт хөгжилтөд эерэг нөлөө үзүүлдэг. 

Өсөлт хөгжлийг тухайн хүүхдийн өндөр жин, насны байдлаар хэмждэг. Энэ удаагийн судалгаагаар тураалтай хүүхдүүд гурав орчим хувьтай гарсан.

Судалгаанд хамрагдсан хүүхдийн гурван хувь нь насандаа тохироогүй бага жинтэй байна гэсэн үг. Хоол тэжээлийн дутагдал, нэмэлт баяжуулсан хүнс хэрэглэж чадаагүйгээс болж тухайн хүүхэд тураалтай болж байна. 

Мөн хүүхдийг зохих нэр төрөл, давтамжаар хооллож чадаагүйгээс болж өсөлтөд нь нөлөөлж байна. Үүнээс болж хүүхэд давжаарах байдал ажиглагдсан. 

Судалгаанд хүүхдийн туранхай болон илүүдэл жинтэй гэх үзүүлэлтийг гаргадаг. Нэг талдаа илүүдэл жинтэй хүүхэд нэмэгдэж байна. Судалгаанд хамрагдагсдын 12 хувийг таргалалттай хүүхэд эзэлж байсан бөгөөд энэ нь 2018 онд хийсэн судалгаанаас хоёр хувиар өссөн үзүүлэлт юм" хэмээн ярилаа. 

Гэрэл зургууд: