Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлчид ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас "Ачит Ихт" ХХК-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлж явуулах болсон талаар тодрууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Ачит Ихт компанитай холбоотой асуудлыг өргөн агуулгаар нь харах юм бол тодорхой хэлэлцээр хийх ёстой. Энэ нь хууль хяналтын байгууллага руу шилжсэн асуудал юм. Анхнаасаа буруу явж ирсэн учраас өнөөдрийн байдал үүссэн.
Хувийн байгууллага хөрөнгө оруулалт хийчихсэн. 34 хүртэлх хувийн ногдол ашиг дээр хөрөнгө оруулалтыг нөхөх ёстой гэсэн шаардлагыг бидэнд тавьдаг.
Стратегийн орд эзэмшиж буй хувийн компаниудтай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ёстой. Орд ашиглах гэрээг байгуулж, үүссэн эрх зүйн үр дагаврыг аль аль тал хариуцаж явдаг тал руу шилжих ёстой.
Тиймээс "Ачит Ихт" ХХК дээр ажлын хэсэг ажиллана. Энэ асуудлаар Ц.Туваан сайдтай хамтарч тухайн компанийн удирдлагуудтай уулзана.
Гол нь улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон стратегийн орд, түүний үүсмэл ордыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэж Ашигт малтмалын тухай хуульд заасан зарчмыг хэрэгжүүлэх ёстой" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!