Уншиж байна ...

Эмч нар аутизмын хүрээний эмгэг, нярайн зүрхний хэм алдалт өвчний оношилгоо, эмчилгээг нутагшуулахаар Турк, Энэтхэг улсыг зорих гэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 9 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Шинэчлэн баталсан жагсаалтаар Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй 26 өвчин бий. Эдгээр өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн наймдугаар сард шийдвэр гаргаж, дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 13 үндэсний багийг энэ ондоо багтаан чадавхжуулахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу энэ долоо хоногоос эхний эмч нарын баг сургалтад хамрагдахаар Турк, Энэтхэг улсыг зорих гэж байна. Эдгээр эмч нар Аутизмын хүрээний эмгэг, Хүүхдийн зүрхний хэм алдалт өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх юм.

зураг
 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Турк, Энэтхэг улс руу явж буй эмч нарын багтай уулзалт хийж, хариуцлагын гэрээ байгууллаа. Энэ үеэр сайд “Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар гадаад сургалтад хэдэн тэрбум төгрөг зарсан. Гэвч эмнэлгийн тусламж үйлчилгээ тэр хэрээр сайжирсан уу гэвэл, үгүй. Энэ жил монголд эмчлэх боломжгүй өвчний оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор 13 эмч нарын багийг гадаадад суралцуулахаар төлөвлөсөн. Багагүй хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байгаа. Аливаа зүйлд бид хариуцлагатай хандах ёстой.

Дээрх бүх багуудтай явахаас нь өмнө хариуцлагын гэрээ байгуулж, юу сурч мэдэх ёстой вэ гэдгийг нь тодорхойлж өгч байна. Тиймээс олдсон цаг хугацаагаа зөв ашиглаж, аль болох ихийг сурч мэдээрэй, ирээд сурсан мэдсэнээ богино хугацаанд эмчилгээндээ нэвтрүүлж, нутагшуулаарай гэж захья. Нэг зүйлийг онцолж хэлье. Эмч, эмнэлгийн байгууллагын харилцаа хандлагаас болж салбарын нэр хүнд унаж байгаа асуудал бий. Тиймээс энэ тал дээр анхаарч, үлгэр жишээ ажиллаарай гэдгийг уулзсан дээрээ дуулгая” гэлээ.