Уншиж байна ...

Йемений босогчдын харвасан пуужин анх удаа Израилийн газар нутгийн төв хэсэгт тусжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ираны дэглэмийн холбоотон Йемений Хусит босогчдын харвасан газар-газар ангиллын пуужин Ням гарагт анх удаа Израилийн нутаг дэвсгэрийн төв хэсэгт туссан байна.

Гэхдээ хүн амьдардаггүй эзгүй газарт туссан тул ямар нэг хохирол учруулаагүйг Израилийн албаныхан мэдээлжээ.

Тель Авив хот болон төвийн бүс нутагт агаарын довтолгооны түгшүүр зарласны дараа өглөөний 6:35 цагийн үед пуужин газардсан байна.

Йемен улсын газар нутгийн хойд хэсэгт хяналтаа тогтоосон Хуситуудын хэвлэлийн албаны дэд тэргүүн Насруддин Амер өчигдөр сошиал хуудсандаа “Израилийн талаас манай пуужинг агаарт устгах гэж 20 пуужин харвасан ч амжилтгүй болсон” гээд үүнийг дараа дараагийн цохилтын “эхлэл” гэж тодорхойлжээ.

Хуситууд анх удаагаа Израилийн агаарын орон зайн гүнд пуужингаар довтолсон нь энэ юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард Израил-Хамарын дайн эхэлснээс хойш Хуситууд палестинчуудыг дэмжиж буйгаа харуулахын тулд олон удаа Израил улсын нутаг дэвсгэр рүү пуужин харвасан ч ихэнхдээ агаарт устгагддаг байв.

Энэ оны гуравдугаар сард ганцхан пуужин нь Улаан тэнгисийн эргийн Эйлат боомтын ойролцоо эзгүй газарт тусаж байжээ.

Долдугаар сард Хуситуудын нисгэгчгүй онгоц Тель Авив хотод довтлоход нэг хүн алагдаж, дөрвөн хүн шархадсан юм.

Энэ нь Тель Авив хотод гадаадын дрон довтолсон анхны тохиолдол болж, Израилийн арми хариуд нь Йемений Ходейда боомт дахь Хусит босогчдын байрлалыг чиглэсэн томоохон агаарын довтолгоо явуулж байжээ.

Энэ үеэр босогчдоос зургаан хүн алагдаж, 80 орчим хүн шархадсан юм.

Ням гарагт бас Ливан улсын нутаг дэвсгэрээс 40 орчим пуужин харвасны заримыг устгаж, зарим нь хүн ам суурьшаагүй эзгүй газарт унасныг Израилийн зэвсэгт хүчин мэдээлжээ.

“Өнөөдөр өглөө Хуситууд газар-газар ангиллын пуужингаар манай нутаг дэвсгэрт халдлаа. Бидэнд хор хөнөөл учруулах гэсэн аливаа оролдлогын хариуд өндөр үнэ төлдгийг тэд мэдвэл зохино” гэж Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр засгийн газрынхаа хуралдааны үеэр анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Reuters