Перт хотоос Сидней хотын чиглэлд ниссэн онгоцонд танхайрсан зорчигчоор онгоцны шатахууны зардлыг төлүүлэх ховор шийдвэрийг Австралийн шүүх гаргажээ.
32 настай уг зорчигчийн гаргасан зохисгүй үйлдлийн улмаас онгоц Перт хотод буцаж газардахаас өөр аргагүй байдалд хүрсэн бөгөөд ингэхдээ жингээ багасгахын тулд шатахууныхаа зарим хэсгийг агаарт асгасан юм байна.
Перт хотын шүүх өчигдөр уг зорчигчид $6,055-ын торгууль оноосноос гадна онгоцны шатахууны алдагдал $5,806-ыг төлүүлэх шийдвэр гаргажээ.
Тэрбээр нийтдээ $11,861-ийн шийтгэл хүлээсэн байна.
“Энэ шийтгэл нь онгоцон дотор зүй бус авирладаг этгээдүүдэд томоохон сануулга боллоо” гэж шүүгч Шона Дэвис хэвлэлд ярьсан байна.
Дээрх хэрэг 2023 оны есдүгээр сарын 25-нд гарсан бөгөөд Австралийн хуулийн системд нислэгийн үеэр танхайрсан этгээдэд оноох шийтгэл тодорхойгүй байсны улмаас нэг жил орчим хугацааг зарцуулжээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээд болон агаарын тээврийн компанийн нэрийг зарлаагүйгээс гадна яг ямар зөрчил гаргасныг дурдаагүй байна.
2021 онд АНУ-ын Холбооны Нислэгийн Хэрэг Эрхлэх Газар онгоцны нислэгийн үеэр зохисгүй ааш авир гаргах явдлыг үл тэвчих хатуу бодлого танилцуулж байв.
Тухайн онд нисгэгчдийн бүхээгт нэвтрэхийг оролдсон, бүхээгийн ажилтны нүүрэнд цохиж ноцтой гэмтэл учруулсан зэрэг АНУ даяар гарсан олон хэрэгт хуулийн хариуцлага хүлээлгэж байжээ.
Нэг удаагийн нислэгт гаднаас согтууруулах ундаа оруулж хэрэглэсэн, ариун цэврийн өрөөнд марихуан татахыг завдсан, бүхээгийн ажилтны эсрэг бэлгийн халдлага үйлдсэн нэг зорчигч $40,823-ын торгууль хүлээсэн нь хамгийн том шийтгэлд тооцогдож байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!