1980-аад оны үед хар тамхины картелын босс Пабло Эскобарын эх орондоо авчирч нутагшуулсан усны үхрүүдийг устгах захирамжийг Колумб улсын захиргааны шүүх Баасан гарагт гаргажээ.
Орон нутгийн экологийн тэнцвэрийг алдагдуулж буй эдгээр гаднын амьтны төрөл зүйлийг заазлах гурван сарын хугацааг шүүх Колумбын байгаль орчны яаманд өгсөн байна.
Уугуул Африк тивдээ усны үхэр нь жил бүр маш олон хүний аминд хүрдэг аюултай амьтанд тооцогддог.
Харин Колумб улсад нутагшсан усны үхрүүд нутгийн хүмүүсийн хайрыг татаж, жуулчдын нэг үзвэр болсон юм.
Гэхдээ Эскобар агсны эдлэн байсан Антиокиа мужийн нутаг дахь энэ газрын экосистем өөрчлөгдөж, уугуул амьтан ургамалд аюул учруулах болсон гэж судлаачид үздэг.
Эскобарыг нас барсны дараа усны үхрүүд түүний эдлэнгээс гарч, зэрлэг байгальд амьдрах болсон. Тухайн бүс нутаг өвс ургамал арвин, аюул учруулах махчин амьтангүй тул усны үхрүүд эрчимтэй өссөн юм.
Одоогоор 166 усны үхэр тэнд бэлчиж байгаа гэсэн тоо бий.
Усны үхрүүдийн хувь заяаг хэрхэн шийдвэрлэх асуудал Колумбын нийгэмд олон жилийн турш маргаантай сэдэв байсаар ирсэн. Эрх баригчид тэднийг өөр улсуудын амьтны хүрээлэнгүүдэд бэлэглэх талаар судалж байсан юм. Гэсэн ч хоёр тонн жинтэй энэ аварга амьтныг тээвэрлэхэд асар их зардал гарах тул Мексик, Энэтхэг, Филиппинд бэлэглэх төлөвлөгөө бүтэлгүйтэж байжээ.
Харин устгах асуудал сөхөгдөхөд амьтны эрхийг хамгаалагчид эсэргүүцдэг байв.
Өнгөрсөн онд Колумбын байгаль орчны яам тэдний тоо толгойг хязгаарлах зорилгоор заримыг нь үргүй болгох, заримыг нь устгах төлөвлөгөөг зарлаж байв.
Гэхдээ одоогоор ганц ч усны үхрийг “унтуулаагүй” байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!