Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Boeing компанийн анхны сансрын хөлөг нисгэгчдээ тойрог замд үлдээгээд дэлхийд хоосон буцаж ирэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Техникийн доголдлын улмаас сансрын нисгэгчдээ буцааж авчрах боломжгүй болсон Boeing компанийн анхны сансрын хөлөг өчигдөр дэлхийд хоосон газарджээ.

Starliner хөлгөөр хүн тээвэрлэхэд хэтэрхий эрсдэлтэй гэж NASA үзсэн учраас ийм шийдвэр гаргасан юм. Тус хөлгөөр дэлхийн тойрог замд хүрсэн хоёр сансрын нисгэгч Олон Улсын Сансрын Станцад гурван сарыг өнгөрөөгөөд байна. Уг нь тэд найм хоногийн дараа буцах төлөвлөгөөтэй байсан юм.

Одоо тэднийг ирэх оны эхээр SpaceX компанийн Crew Dragon хөлгөөр дэлхийд авчрахаар хүлээлгэж байгаа.

Зуун жилийн түүхтэй нисэх онгоцны аварга том үйлдвэрлэгч Boeing компани сансрын аяллын салбарт анх удаа хөл тавьсан нь бүтэл муутай байна.

Зургаадугаар сарын эхээр NASA-гийн хоёр сансрын нисгэгчийг тээвэрлэн тойрог замд хүрэхдээ Starliner хөлгийн хөдөлгүүр доголдож, гелийн хий алдагдаж эхэлсэн юм.

NASA болон Boeing компанийн удирдлагууд удаан хэлэлцсэний эцэст тойрог замд саатаад байгаа сансрын нисгэгчид Бач Уилмор, Санни Уиллямс нарыг өрсөлдөгчийнх нь хөлгөөр ирэх оны хоёрдугаар сард дэлхийд авчрахаар болж байв.

Starliner хөлөг өчигдөр дэлхийн агаар мандалд 27,400 км/цаг орчим хурдтай орж иржээ.

45 минутын дараа хөлөг шүхрүүдээ ээлж дараалан дэлгэх замаар уналтын хурдыг бууруулсаар Нью Мексикогийн цөлд газардсан юм.

Boeing компани өмнө нь Starliner хөлгөө хоёр удаа сансрын нисгэгчгүй хөөргөж туршсан. Харин сансрын нисгэгчтэй анхны хөөргөлт нь ийнхүү бүрэн ажиллаж чадсангүй.

Арван жилийн өмнө NASA өөрийн сансрын нисгэгчдийг тээвэрлэх хөлгийг бүтээлгэхээр SpaceX, Boeing компаниудтай гэрээ байгуулан олон тэрбумыг төлж байжээ.

Илон Маскийн SpaceX компани захиалгыг амжилттай биелүүлж, 2020 оноос хойш Crew Dragon хөлгөөрөө сансрын нисгэгчдийг олон удаа тээвэрлээд байгаа юм.

 

Эх сурвалж: AFP