Уншиж байна ...

Volkswagen компани Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болсныг зарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

87 жилийнхээ түүхэнд анх удаа Герман дахь үйлдвэрүүдээ хааж болзошгүй болоод байгааг автомашины дэлхийн томоохон үйлдвэрлэгч Volkswagen компани өчигдөр зарлажээ.

“Европын автомашины үйлдвэрлэлийн салбар маш ноцтой хүнд байдалд ороод байна. Эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч, зах зээлд шинэ өрсөлдөгчид гарч ирсээр байна. Ялангуяа Герман улс үйлдвэрлэлийн чиглэлд өрсөлдөх чадвараараа улам бүр хоцорч байна” гэж Vollkswagen группийн гүйцэтгэх захирал Оливер Блюм мэдэгдсэн байна.

Тус компани Хятадын зах зээлийн төлөө өрсөлдөөнд ялагдаж эхэлсэн тул өнгөрсөн оны сүүлээр үйл ажиллагааны зардлаа 10 тэрбум еврогоор бууруулах шийдвэр гаргаж байсан юм. Уг төлөвлөгөөний хүрээнд Германы үйлдвэрүүдийг хаах хувилбар яригдаж байгаа юм байна

Энэ оны эхний хагаст Volkswagen группийн Хятадын зах зээлд борлуулсан автомашины тоо 2023 оны мөн үеэс долоон хувиар буурчээ.

Дурдсан хугацаанд татварын өмнөх ашиг нь 11.4 хувиар буурч, 10.1 тэрбум евро хүрсэн байна.

Цахилгаан автомашины зах зээлд тус компани Хятадын олон үйлдвэрлэгчидтэй ширүүн өрсөлдөж байгаа. Тэдгээрийн нэг BYD компани одоо Европын зах зээлээс нь хүртэл булаах болжээ.

Volkswagen групп дэлхий даяар 683,000 орчим ажилтантай. Үүний 295,000 орчим нь Германд ажилладаг юм.

Блюмийн өчигдрийн мэдэгдлээс харвал дээрх тооны ажлын байр цомхотгогдох эрсдэл бий болжээ.

Гэхдээ Германы үйлдвэрүүдийг хаах шийдвэр үйлдвэрчний эвлэлүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарахаар байна.

Тухайлбал Германы хамгийн том үйлдвэрчний эвлэлүүдийн нэг IG Metall өчигдрийн мэдэгдлийн дараа ажлын байрыг хадгалахын төлөө тууштай тэмцэхээ Volkswagen группийн удирдлагуудад анхааруулжээ.

“Өнөөдөр Volskwagen группийн төлөөлөн удирдах зөвлөл тус компанийн үндэс суурийг сулруулж, ажиллах хүчинд асар их хохирол учруулах хариуцлагагүй төлөвлөгөөг танилцууллаа. Энэ бол харалган төдийгүй Volkswagen-ий амин сүнсийг устгах маш ноцтой төлөвлөгөө. Бид компанийн ажиллах хүчнийг золиослох энэ төлөвлөгөөг тууштай эсэргүүцэх болно” гэж тус эвлэлийн төлөөлөгч Торстен Грогер мэдэгдсэн байна.

Volkswagen группийн суудлын автомашины салбарын гүйцэтгэх захирал Томас Шафер үйлдвэрүүдээ Германд үлдээхийн төлөө байгаагаа мэдэгдээд брэндийг цаашид хэрхэн шинэчилж, урт хугацаанд үйл ажиллагааг нь тогтвортой авч явах талаар ойрын үед ажилчдын төлөөллийн санаа бодлыг сонсох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: CNN