Уншиж байна ...

“Оросын тагнуул” гэгддэг халим Норвегийн эргийн ойролцоо үхсэнийг олжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Оросын тагнуулын үйл ажиллагаанд ашиглагдахаар сургагдсан байж болзошгүй хэмээн сэжиглэгддэг байсан нэг төрлийн халим Бямба гарагт Норвегийн эргийн ойролцоо үхсэн байсныг олсноо энэ амьтны хөдөлгөөний чиглэл, байрлалыг хянадаг төрийн бус байгууллага Ням гарагт мэдээлжээ.

2019 онд Норвегийн алс умард хязгаарын уснаас биологичид уг халимыг анх олоход “Санкт Петербургийн төхөөрөмж” гэсэн бичиг бүхий камер бэхлэх зориулалттай гэмээр хүзүүвчтэй байсан гэдэг.

Ингээд түүнд норвеги хэлний хвал буюу халим гэсэн үгийг Владимир хэмээх орос нэрийн сүүл хэсэгтэй залгаж бүтээсэн “Хвалдимир” гэх нэрийг өгч байжээ.

Хүнээс айдаггүй энэ амьтныг Оросын тэнгисийн хүчинд ашиглагдаж байхдаа хашаанаасаа оргосон байж болзошгүй гэж Норвегийн судлаачид үзэж байв.

Харин Оросын талаас Хвалдимирийн талаар ямар нэг байр суурь огт илэрхийлж байгаагүй юм.

“Өчигдөр бид Хвалдийг ердийн үеийнх шигээ хайж байгаад үхсэн байхыг нь оллоо. 24 цаг хүрэхгүй хугацааны өмнө тэр амьд байсан юм” гэж Marine Mind төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Себастян Странд ярьжээ.

Тус байгууллага анх олдсоноос нь хойш Хвалдимирийн байрлалыг хянаж байсан юм.

Урьдчилсан байдлаар халим яагаад үхэх болсон нь тодорхойгүй, биед нь ямар нэг шарх сорви байгаагүйг Странд бас мэдээлжээ.

Мал эмнэлгийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд удахгүй Хвалдимирийн биеийг задлан шинжлээд үхлийн шалтгааныг тогтоох юм байна.

“Beluga” төрөл зүйлийн халим 40-60 насалдаг. Тэгвэл Хвалдимирийн хувьд 14-15 орчим настай буюу харьцангуй залуу байжээ.

Гринланд, Норвеги, Оросын эрэг орчмын тэнгисийн мөстэй усанд амьдардаг халимын энэ төрөл зүйл зургаан метр хүртэл урт биетэй байдаг. Энэ бүс нутагт Өрнөдийн болон Оросын шумбагч хөлгүүд байрладаг стратегийн ач холбогдол бүхий Баренцын тэнгис багтдаг юм.

 

Эх сурвалж: AFP