Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын сансрын агентлаг сарны судалгаагаа дуусгасныг зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Японы сансрын агентлаг JAXA өчигдөр буюу Даваа гарагт сарны судалгаагаа дуусгаж буйг зарлажээ.

Найман сарын өмнө тус байгууллага саран дээр SLIM (Smart Lander for Investigating Moon) нэртэй судалгааны станцаа буулгасан юм. Ингэснээр Япон улс түүхэнд дэлхийн дагуул дээр судалгааны техник буулгаж чадсан тав дахь улс болж байлаа.

Гэвч станц сарны гадарга дээр хажуугаараа буусны улмаас нарны эрчим хүч цуглуулагч хавтан нь буруу өнцгөөр байрлаж, бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болж байжээ.

Үүний улмаас SLIM станц хэдийгээр хүйтэн нөхцөлд ажиллахаар бүтээгдээгүй ч сарны хүйтэн шөнийг “унтаж” өнгөрүүлээд нар туссан хугацаанд ажилладаг болсон юм.

Сарны шөнө хоёр долоо хоног үргэлжилж, гадаргын температур Цельсийн -133 хэм хүрч буурдаг.

Тэгвэл SLIM станц сарны гурван шөнийг давж чадсаныхаа дараа дэлхийтэй холбогдох чадваргүй болжээ.

Өнгөрсөн долоо хоногт SLIM станцтай холбогдох сүүлчийн оролдлого бүтээгүй байна.

“Бид SLIM станцтай дахин холбоо тогтоох боломжгүй болсон гэж үзээд наймдугаар сарын 23-ны 22:40 цагт үйл ажиллагааг нь зогсоох командыг илгээлээ. SLIM нь өөрийн төлөв байдал болон хүрээлэн буй орчны талаарх мэдээллийг төсөөлж байснаас хамаагүй урт хугацаанд дамжуулсаар байсан юм. Ажиллагааг нь ийм урт удаан үргэлжилнэ гэж хэн ч төсөөлөөгүй” гэж JAXA өчигдөр мэдэгджээ.

SLIM станц сарны хөрсний дотоод царцдасын давхаргыг судлах зорилготой байсан юм.

 

Эх сурвалж: AFP