Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Чю Ихао: Чосон болон Гуулин улсын албан архивт төрийн хэрэглэгдэхүүн болж байсан монгол судрууд байдаг

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монголын эзэнт гүрний өв: Бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр "Чингис хаан" үндэсний музейд болж байна. 

Энэ үеэр танилцуулсан Чю Ихао (Шанхайн Фуданы Их сургууль)-н "Калила Ва Димнагийн үл мэдэгдэх Монгол орчуулгын мөрөөр" илтгэлийн товч агуулгыг хүргэж байна. 

Уг судалгааны өгүүлэл нь Солонгосын Чосон улсын (1392-1897 он) хааны ордон дахь монгол судруудын шүүмжлэлт судалгаа бөгөөд орчуулагчийн нийгмийн байр суурийг тодорхойлох, орчуулгаас Юань улсын ордны улс төрийн соёлын ээдрээтэй асуудлуудыг ойлгох гэсэн хүчин чармайлт юм гэдгийг онцолжээ. 


Илтгэлд "Чосон улс болон Гуулин улсын (918-1392 он) албан архивт хэд хэдэн монгол судрууд байдаг. Эдгээрийн ихэнх нь Монголын эзэн хаадад хамаарах ба Юань улсын үеийн (1271-1368 он) албан ёсны түүх бичлэгт байхгүй мэдээг агуулдаг байна. Цаашлаад Юань улс болон Гуулин-Чосон улсын хоорондын өвөрмөц харилцааг өргөн утгаар харвал Чингисийн удамтай эцэг хүргэний байр сууриар тодорхойлогддог.

Юань улс болон Гуулин улсын дипломат харилцаа, засаг захиргааны үйл хэрэг өсөн нэмэгдэхийн хэрээр монгол, солонгос хэлний мэргэжлийн орчуулагч, хэлмэрчид ихээхэн хэрэгцээ шаардлагатай болох болов. Анхандаа энэхүү ажилд томилогдсон хүмүүс "Солонгосын урвагчид" буюу дайн тулааны үед дагаар орогсод байлаа. Энэ үеэр Гуулин улсын засгийн газар монгол хэл системтэйгээр заах сургалтын төв байгуулж, албан орчуулагчдыг хөгжүүлэн мэргэшүүлэх гэж зорих болжээ. 1276 онд буюу Чуннёль хаан (Ван Гео 1274-1308 он) Юань улсаас ирж, хаан ширээнд үе залгамжлан сууснаас хоёр жилийн дараа, тэрбээр орчуулгын газар байгуулах зарлиг буулгасан нь, хожим Саёквон гэж нэрлэгдэх болсон.

"Төр барих ухааны товч тэмдэглэл хэмээх сурвалжид орчуулгын газарт хэрэглэгдэж байсан монгол судруудын жагсаалтын эмхэтгэл байдаг" 

Чосон улс байгуулагдсаны дараа төр баригчид нь харилцааны хувьд монголчууд болон Мин улсын хооронд ганхсан шинэ бодлогыг баримтлах болов. Улмаар Чосоны засгийн газар гадаад харилцаагаа тогтворжуулах хүрээнд орчуулгын газрын монгол судлалын хичээлүүдийг хэвээр хадгалан үлдээсэн байна.

Чосоны төрийн хэрэглэгдэхүүн болж байсан монгол судрууд нь Гуулин улсын ордны хааны цуглуулгаас уламжлагдан дамжсан байдаг. Тухайн сургалтуудад "монгол хэлний филологи хичээл орж байсан бөгөөд төрөл бүрийн монгол уран зохиолууд голлон үздэг уншлагын анги, дөрвөлжин бичиг ба уйгур бичгийг гараар бичдэг бичлэгийн ангид хамаардаг байлаа. Мөн Төр барих ухааны товч тэмдэглэл хэмээх сурвалжид орчуулгын газарт хэрэглэгдэж байсан монгол судруудын жагсаалтын эмхэтгэл байдаг байна.

Эдгээрийн дунд "Юань улсын эрдэмтэн Жэгүдоугийн орчуулсан үнэг, арслан, үхэр хоорондын харилцан ярианы тухай түүх” гэх хураангуй товчлолтой "Гео-ли-ла" хэмээх судар дурдагджээ. 

...Энэ номын орчуулагч нь нэрт яруу найрагч Яа Хү / "Жэгүдоу" гэх нэрийг нь Юань улсын эзэн хаан Тугтөмөр "Яа Хү" болгож өөрчилжээ/ байх ихээхэн магадлалтай.

...Түүний бичсэн шүлэг, колофоныг шинжлэн судалбал Тугтөмөрийн төрийг олон үндэстнээс бүрдсэн бичгийн эрдэмтэн, уран бүтээлчид нэг дор бүрдүүлж байсныг олж харна. Тэд монгол, хятад болон бусад хэлийг зэрэгцүүлэн хэрэглэснээр ордны соёлд "олон хэлний уур амьсгал"-ыг бий болгож, 14-р зуунд Евроазид ноёрхож байсан соёлын de I`interprétariat хэмээх үзэгдлийн нэгэн сонирхолтой ижил байдлыг бүрдүүлжээ" гэжээ.