Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн зардлаараа дэлхийн тойрог замд хүрсэн хүмүүс түүхэнд анх удаа задгай сансарт гарах гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Наймдугаар сарын 26-нд SpaceX компанийн хөлгөөр сансарт нисэх “Polaris Dawn” багийн дөрвөн гишүүн өчигдөр буюу Даваа гарагт Флорида дахь сансрын буудалд иржээ.

Тэд хувийн зардлаар сансарт аялсан хүмүүсээс задгай сансарт ил гарсан анхны нисгэгчид болох юм.

Өмнө нь уг эрсдэлтэй ажиллагааг зөвхөн засгийн газрын санхүүжилтээр ниссэн сансрын нисгэгчид л гүйцэтгэж байжээ.

“Polaris Dawn” багийнхан дэлхийн тойрог замд байхдаа Crew Dragon хөлгөөс уян холбоосоор бэхлэгдэн задгай сансарт гарна.

Ингэхдээ тэд SpaceX компанийн хамгийн сүүлд зохион бүтээсэн сансрын нисгэгчийн өмсгөлийг турших ажээ.

зураг
 

Багийн ахлагч, цахим төлбөр тооцооны Shift4 компанийн гүйцэтгэх захирал Жаред Айзаакмэн “Ямар ч эрсдэлээс бид буцахгүй. Хүн төрөлхтний хөгжилд бидний үйлдэл яаж нөлөөлөхийг хэлж мэдэхгүй ч энэ чиглэлд эхний алхам болно гэж найдаж байна” гэж ярьсан юм.

Тэрбээр энэ аяллын бүх зардлыг бусад гишүүдийнхээ төлбөрийн хамт дааж байгаа ажээ. Айзаакмэн аялалдаа хэр их мөнгө зарцуулсныг хэлээгүй ч хэдэн зуун саяар хэмжигдэх нь тодорхой.

“Polaris Dawn” багийнхан наймдугаар сарын 26-ны шөнийн 03:38 цагт Флорида дахь Кеннедийн нэрэмжит NASA-гийн сансрын төвөөс хөөрөх юм.

Тэдний аялал нийтдээ зургаа хоног үргэлжлэх ба аяллын гурав дахь өдрөө задгай сансарт гарахаар төлөвлөжээ.

Айзаакмэнтэй хамт АНУ-ын агаарын зэвсэгт хүчний чөлөөндөө гарсан офицер Скот Потет, SpaceX компанийн ажилтан Сара Гиллис, Анна Менон нар нисэх юм.

Тэднээс зөвхөн Айзаакмэн, Гиллис нар хөлгөөсөө задгай сансарт гарч ажиллах ажээ.

Дэлхийн тойрог замд 2000 оноос ажиллаж эхэлсэн Олон Улсын Сансрын Станцаас өнөөдрийг хүртэл нийт 270 гаруй удаа задгай сансарт гарах ажиллагааг зохион байгуулж байсан юм.

Тэдгээр нь бүгд АНУ, ОХУ, Европын Сансрын Агентлаг, Канад, Хятадын сансрын нисгэгчид байжээ. Ингэхдээ тэд зөвхөн АНУ болон Оросын бүтээсэн өмсгөлийн аль нэгийг ашиглаж байсан юм.

Илон Маскийн SpaceX компани NASA-гийн сансрын нисгэгчдийг дэлхий, тойрог замын хооронд зөөх үүргийг гүйцэтгэхээс гадна энгийн хүмүүсийг сансарт төлбөртэй нисгэх үйлчилгээг хэрэгжүүлж байгаа.

Анх удаа дан энгийн хүмүүсээс бүрдсэн Inspiration4 баг 2021 онд SpaceX-ийн хөлгөөр сансарт нисэхэд Айзаакмэн бас ахалж байжээ.

 

Эх сурвалж: Reuters