Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг ирэх аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд товложээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 8 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар Монголын хуульчдын холбооноос мэдээлэл хийлээ. 

Монголын хуульчдын холбоо нь ес дэх удаагаа хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах гэж байгаа аж.

Энэхүү шалгалтын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийг шүүх эрх мэдэл, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэдэг. Шалгалтад ороход хууль зүйн сургуулийг бакалавр зэрэгтэй төгсөөд, хоёр жил мэргэжлийн дадлага эзэмшсэн байх шаардлага тавьдаг байна.

Энэ жилийн шалгалтыг Монголын хуульчдын холбооны зөвлөлөөс 2024 оны аравдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд товложээ. Хуульд энэхүү шалгалтын товыг 75-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ гэж заасан бөгөөд бүртгэл нь 45 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, 2024 оны наймдугаар сарын 2-ны 09:00 цагт эхэлж, есдүгээр сарын 15-ныц өдрийн 00:00 цагт хаагдана. Бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах юм байна.

Энэ жилийн бүртгэлийн онцлог нь шалгуулагчид бүртгүүлэхдээ бичиг баримтаа бүрэн оруулна. Нэг л бичиг баримт дутуу бол шалгалтаас татгалзах хүртэл үр дагавартайг Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс хэллээ.  

Хуульчийн шалгалт нь сорилгын буюу тестийн, бодлогын гэсэн хоёр хэсэгтэй. Тестийн шалгалтад тэнцсэн оролцогч эрүү, иргэн, захиргааны эрх зүй гэсэн гурван чиглэлээр бодлогын шалгалт өгдөг.

Мөн “Хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилго” гарын авлага ирэх долоо хоногт худалдаанд гарах юм байна.

Ташрамд дурдахад, хуульчийн мэргэжлийн шалгалтыг жилд дунджаар 1,300 орчим хүн өгдгөөс 15-20 орчим хувь нь тэнцэж хуульч болдог ажээ.