Уншиж байна ...

Кремль: Олон хүүхэдтэй хэн ч байсан манай баатар юм

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хүн ам зүйн “гамшигт” үзэгдэл Орос улсын ирээдүйд ноцтой аюул учруулж буй тул төрөлтийн бууралтыг зогсоохоор шаргуу ажиллаж байгаагаа Кремлийн хэвлэлийн алба Баасан гарагт мэдэгджээ.

“Нэг эмэгтэйд ногдох төрөлт 1.4 байгаа нь маш бага түвшин юм. Үүнийг Европын орнууд, Японтой харьцуулж болно. Энэ хандлага улс үндэстний ирээдүйд аюул занал учруулж байна” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн байна.

Песковын дурдсан тоо баримт нь сүүлийн 17 жилийн хамгийн муу үзүүлэлт юм.

“Олон хүүхэдтэй хэн ч байсан манай баатар юм. Бид дэлхийн хамгийн том улсад амьдарч байна. Гэтэл жилээс жилд бид улам цөөрч байна. Үүнийг зогсоох цорын ганц арга нь төрөлтийн дундаж үзүүлэлтийг өсгөх юм” гэж тэр цааш нь ярьжээ.

Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа 1991 онд ОХУ-ын хүн ам 148 сая байсан юм. Одоо энэ тоо 144 сая орчимд хүрээд байна.

Ерөнхийлөгч Путиний засгийн газар олон хүүхэдтэй гэр бүлүүдийг дэмжих янз бүрийн тэтгэмжийн бодлого хэрэгжүүлж байгаа ч хүн амын хорогдлыг зогсоож чадахгүй байгаа.

Сүүлийн жилүүдэд Covid-19 өвчний эндэгдэл, Украины дайнаас зугтсан хүн амын дүрвэлт, Оросыг зорьсон цагаачдын урсгал 2023 онд сүүлийн 10 жилийн хамгийн доод хэмжээнд хүрсэн зэрэг нь хүн амын бууралтад нөлөөлж байна.

Судлаачид Оросын хүн амыг 2040 оны үед 130 саяд хүрэх тооцоо гаргажээ.

“Хүүхдийн төрөлт буурч байгаа нь эмгэнэлтэй үзэгдэл юм. Нөхцөл байдал хэсэг хугацаанд энэ хэвээр үргэлжлэх ч Орос улсын ерөнхийлөгч уг асуудалд онцгой анхаарал хандуулж, засгийн газар шаргуу ажиллаж байгаа” гэж Песков өчигдөр мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: AFP