-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-
Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.
Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.
М.Салтанат нь ажлын гараагаа “Кашмер Холдинг” ХХК-аас эхэлжээ.
“Ойрд уулзсангүй”, “Яаж байгаа бол доо гэж хоорондоо ярьж байлаа”, “Бие нь гайгүй юу?” гэх халуун дулаан яриа нэхмэлийн машинууд ярайх үйлдвэрийн нэг буланд өрнөнө. Хэсэг хугацаад ажилдаа ирээгүй М.Салтанатыг хамт олон нь баярлан угтсан нь энэ байв.
М.Салтанат төрөлхийн нуруу нугасны гэмтэлтэй. Нурууны муруйлтаасаа болоод олон цагаар суух боломжгүй. Гэсэн хэдий ч тэрбээр 2023 оны 6-р сараас “Кашмер Холдинг” ХХК-ийн сүлжих үйлдвэрт ажиллаж байгаа бөгөөд, цамцны ханцуй холбож оёх, бэлэн болсон бүтээгдэхүүний илүүдэл утсыг түүх зэрэг ажлыг хариуцан хийдэг. “Бие нь сайн уу?” гээд халамж дүүрэн инээмсэглэх хүн бол М.Салтанатын багш Д.Байгалмаа юм. Тэрбээр “Салтанат маш эелдэг, зөөлөн ааштай, сайхан энергитэй хүүхэд. Манайхан бүгдээрээ их өхөөрдөж хайрладаг даа” гээд инээмсэглэв.
Монголын томоохон ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын нэг бол “Кашмер Холдинг” ХХК юм. Тус компани нь бидний сайн мэддэгээр “Богд хааны ордон музей”-н замын урд талд байрладаг бөгөөд компанийн үйлдвэртэй зэрэгцэн нэрийн дэлгүүр ч бий.
Монголын анхны ноос, ноолуурын үйлдвэр болох “Ээрмэлийн үйлдвэр” нь 1981 онд байгуулагдсан бөгөөд 2000 онд хувьчлагдсанаар одоогийн “Кашмер Холдинг” ХХК болон үйл ажиллагаагаа явуулах болжээ. Дэлхийд танигдсан Монгол ямааны ноолуур болон тэмээний ноосоор хийсэн дулаан, зөөлөн цамц, малгай, ороолт, хүрэм зэргийг үйлдвэрлэн, Улаанбаатар хот дахь хоёр нэрийн барааны дэлгүүр болон их дэлгүүрүүдэд байрлах нийт 4 нэрийн дэлгүүрээр борлуулдаг. Тус компани нь өнөөг хүртэл нийт 5000 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд үйлдвэрлэн гаргасан ба 2001 оноос 4 жил дараалан “Шилдэг бүтээгдэхүүний шагнал” хүртжээ. 2005 онд Монголын “Шилдэг 10 аж ахуйн нэгж”-ийн нэгээр шалгарч, “Ноос ноолуурын салбарын шилдэг бүтээгдэхүүн”-ий шагнал, 2007, 2009 онуудад Монголын хамгийн том загварын шоу болох “Гоёл” наадмаас “Шилдэг дизайнерын шагнал”-ыг тус тус хүртжээ.
Тус компанийн бүтээгдэхүүнүүдээс хамгийн их танигдсан нь “Эвсэг” брэнд юм. “Эвсэг” брэндийн бүтээгдэхүүнүүд Япон, Солонгос, Польш, Итали, Тайван, Хятад, Орос, Герман, Англи, Швейцар гээд Ази, Европын олон оронд экспортлогддог бөгөөд онлайнаар худалдан авалт хийх ч боломжтой. Нийт борлуулалтын 70 орчим хувь нь гадаад зах зээл байдаг ба 2010 онд “Шилдэг экспортлогч байгууллага”-аар мөн шалгарчээ.
2021 онд Осака хотын Изүмисано хотод үйлдвэрийнхээ анхны гадаад дахь салбарыг мөн байгуулжээ. Японы “5S”-ын зарчим (1.Сайн ангилан ялгах, 2.Сайтар цэгцлэн зохион байгуулах, 3.Сайхан цэвэрлэж цэмцийлгэх, 4.Стандартчилан хэвшүүлэх, 5.Сахилга батыг төлөвшүүлэх)-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, тус бизнесээ эхлүүлжээ. Япон дахь үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ “Made In Japan” шошготойгоор гуравдагч оронд борлуулах хэтийн зорилготойгоор ажиллаж байгаа ажээ.
Тус компанийн үйлдвэрт нийт 530 гаруй ажилтан, нэрийн дэлгүүр болон салбар дэлгүүрүүдэд ойролцоогоор 70 гаруй ажилтан ажилладаг. Хүний нөөцийн бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг ч идэвхтэй дэмждэг байна. Хүний нөөцийн менежер Н.Ганчимэг “Манай компанид одоогийн байдлаар нийт 36 хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажиллаж байна. Бэрхшээлийн хувьд Салтанат шиг нуруу, тулгуур эрхтний бэрхшээлтэй ажилтнуудаас гадна сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй ажилтнууд ихэнх хувийг эзэлдэг.
Ажлын агуулгын хувьд, голдуу үйлдвэрт ажилладаг ба зөөлөн оёдол, сүлжих, гар оёдол, кеттельчин, сүлжих машин баригч гээд бүхий л салбар, хэсэгт үр бүтээлтэй ажиллацгааж байна. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд болон бэрхшээлгүй ажилтнуудын цалингийн хэмжээ ижил тэгш байдаг” гэв. Тус компани 4 жилийн өмнөөс 29 дүгээр сургуультай хамтран ажиллаж байгаа бөгөөд тус сургуульд оёдлын машинуудыг байрлуулан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж бэлтгэн, төгсөгчдийг ажлын байраар хангаж байгаа юм.
Үүнээс гадна, сонсголын бэрхшээлтэй ажилтнууд болон дохионы хэл мэддэггүй ажилтнуудынхаа харилцааны асуудлыг шийдвэрлэхийн тулд 29-р тусгай сургуулийн багшийг тодорхой өдрүүдэд үйлдвэртээ урьж ажиллуулан, орчуулга хийлгэх, дохионы хэл заалгах ажлыг зохион байгуулсан байна. Энэхүү ажил нь ч үр дүнгээ өгсөн бөгөөд цаашид ч энэ мэтээр хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудынхаа ажиллах таатай орчныг бүрдүүлэх тал дээр идэвх санаачилгатай ажиллана гэдгээ илэрхийлэв.
Н.Ганчимэг менежер 8 жилийн өмнөөс хүний нөөцийн албанд ажиллаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд онцгойлон анхаарч иржээ. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын тоо харьцангуй нэмэгдэх хандлагатай байгаа. Бэрхшээлгүй ажилтнуудтай яг ижил хэмжээнд үр дүн гарган ажилладаг.
Сонсголын бэрхшээлтэй ажилтнуудын хувьд ажилдаа маш сайн төвлөрч ажилладаг учраас өндөр бүтээмжтэй байдаг нь ажиглагдсан. Бас харааны бэрхшээлтэй хүмүүс гарын мэдрэмж нь энгийн хүнийхээс маш өндөр байдаг учраас ажлаа мөн л өндөр чанартай хийж гүйцэтгэдэг. Манай компани цаашид зөвхөн харааны бэрхшээлтэй ажилтнуудын хийсэн бүтээгдэхүүнийг экспортлох талаар ярилцаж, судалгаа хийж байгаа. Бэрхшээл болгон тус тусын онцлогтой. Тийм учраас тухайн хүний бэрхшээлийн онцлогт тохирсон ажлын байр бий болгон, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын салбар, тасаг нээн ажиллуулах талаар ч мөн ярилцаж байна” гэсэн юм.
М.Салтанат одоо 24 настай. Ховд аймагт төрж өссөн. Түүний аав 1840-өөд оны үед Алтайн нурууны урд хэсгээс хойд зүгт нүүдэллэх үед Монголд нутагшин үлдсэн Уйгур үндэстний үр удам бол ээж нь Казах үндэстэн ажээ. Монгол улсын нийт хүн амын 94 мянга буюу 3.9% нь Казах үндэстэн бөгөөд исламын шашин шүтэж, өөрсдийн гэсэн хэл, соёлоо хадгалж үлдсэн үндэстэн юм. М.Салтанат 9 нас хүртлээ Ховд аймагт эмээгийн хамт амьдарч, ухаан орсон цагаасаа л исламын шашны сүмд явж эхэлжээ. Тэр шашиндаа маш итгэл үнэмшилтэй ханддаг нь түүний хувцаслалт зэргээс тодорхой харагдаж байсан юм.
М.Салтанат хүүхэд байхдаа өөрийн гадаад байдал, алхаа гишгээнээсээ ичдэг байсан учраас сургуульд ч удаан яваагүй гэнэ. Харин Улаанбаатарт ирж, ээж аавтайгаа амьдарч эхэлснийхээ дараа нэгэн хувийн сургалтын төвд суралцаж, үсчний мэргэжил эзэмшсэн ч коронагийн улмаас мэргэжлээрээ ажиллаж чадалгүй, аргагүйн эрхэд гэртээ байх болжээ.
Түүнийг “Кашмер Холдинг” ХХК-ийн үйлдвэрт ажил оруулсан хүн бол ажлын байрны дадлагажуулагч С.Отгонбаяр юм. М.Салтанат анх фэйсбүүк дэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын зарын группт нэгдэж, тус группээр дамжуулан Ч.Отгонбаяр дадлагажуулагчтай холбогджээ. Улмаар тэр хоёр чатаар харилцан, М.Салтанатын гэрийн ойролцоох нэгэн кафед анхны уулзалтаа хийсэн байна.
М.Салтанат удаан цагаар суух боломжгүй учраас Ч.Отгонбаяр дадлагажуулагч түүний нуруунд ачаалал багатай ажил хайж, улмаар “Кашмер Холдинг”-ийн хүний нөөцийн менежерт санал тавьж, одоогийн ажилд нь оруулжээ. М.Салтанатын хувьд бүтэн 8 цагийн ажил анх удаа хийж байгаа болохоор өглөө 8 цагт бэлэн байх ёстой гэх мэт зүйлүүд эхэндээ хэцүү байжээ. Гэвч тэр ажилгүй байхдаа өглөө бүр ажил, хичээлдээ явах хүмүүсийг харж, гэртээ үлддэг байсан бол одоо бусадтай зэрэгцэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь үнэхээр бахархалтай, сайхан санагдах болсон гэнэ.
Ч.Отгонбаяр дадлагажуулагч DPUB2 төслийн 2023 оны 4-р сард зохион байгуулсан “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт”-д хамрагдан, тэр цагаас хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх ажлыг идэвхтэй хийж эхэлжээ. Тэрбээр М.Салтанаттай хэрхэн танилцсан болон ажилд хэрхэн оруулсан тухайгаа “Би ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтад хамрагдсаныхаа дараа ХБИ-ийн ашигладаг фэйсбүүк группүүдээр дамжуулан ажилд орох сонирхолтой маш олон хүнтэй холбогдсон. Тэр дундаас Салтанат ажил хийх маш их хүсэлтэй байгаа нь мэдрэгдсэн учраас уулзахаар шийдсэн.
Эхлээд бид хоёр Салтанатын гэрийн ойролцоо нэг кафед уулзсан. Анх уулзаж ярилцаад их даруу, дотогшоогоо охин юм шиг санагдсан. Түүний ажил хийх хүсэл, итгэлтэй харцыг нь хараад ажилд оруулж, нийгэмд хөл тавихад нь заавал тусалъя гэж бодсон” хэмээн ярив.
Ч.Отгонбаяр дадлагажуулагч хамгийн түрүүнд гэр бүлийнхэнтэй холбогдож, өөрийгөө танилцуулан, Салтанатыг ажилд ороход нь дэмжлэг үзүүлж болох эсэх талаар зөвшөөрөл авчээ. Аав, ээж нь ч талархалтай хүлээн авсан учраас төслийн сургалтаар олж авсан мэдлэгээ ашиглан, батлагдсан ХБИ-ний үнэлгээний хуудсаар үнэлгээ хийсэн байна. Салтанатын аав “Манай охин дүүгээ их сайн харж, асардаг байсан. Хүүхдэд их хайртай. Тийм болохоор цэцэрлэгт ажилд оруулж өгөх боломж байна уу” гэж байсан гэнэ. Гэвч цэцэрлэгт олон хүүхэдтэй ажиллана, босож сууна гээд ачаалал ихтэй учраас бэрхшээлд нь тохирсон өөр ажилд оруулах нь зөв гэдгийг Ч.Отгонбаяр дадлагажуулагч тайлбарлаж ойлгуулжээ. Улмаар хэд хэдэн байгууллага дээр очиж үнэлгээ хийсний үндсэн дээр одоогийн үйлдвэрийн ажилд нь оруулсан байна.
Ажилд оруулсныхаа дараа Хүний нөөцийн менежер Н.Ганчимэгт хандан М.Салтанатад ажлыг нь ганцаарчлан заах хүн томилж өгөх хүсэлт тавьсныг нааштайгаар хүлээн авч, улмаар бидний дээр танилцуулсан Д.Байгалмааг багшлуулахаар томилжээ. Ч.Отгонбаяр дадлагажуулагч “Эхэндээ бага зэрэг биеэ барьдаг байсан ч аажимдаа сэтгэл, санаагаа их хуваалцдаг болсон. Одоо бол ажлаа тараад шууд мессеж бичнэ. Ажлаа тарчлаа гээд л. Салтанатын ээжтэй ч их дотно болсон. Байнга утсаар ярьж, холбоотой байдаг” гэсэн юм. Энэ нь түүнийг хэрхэн эргэх холбоотой ажилладгийг харуулж байлаа.
Ч.Отгонбаяр дадлагажуулагч цэргийн байгууллагад 20 гаруй жил ажилласан нэгэн. Цэргийн байгууллагын дүрэм, журмын дагуу 38 насандаа тэтгэвэрт гарч, түүнээс хойш хүүхэд, эмэгтэйчүүд, гэр оронгүй хүмүүс гээд нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд туслах хүмүүнлэгийн сайн дурын ажил хийх болжээ. Тэрбээр одоо “Эрх Билэг Хан” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны “Эмэгтэйчүүдийн клуб”-ын тэргүүн гээд олон үүрэгт ажлыг нэгэн зэрэг хашдаг, нийгмийн идэвх өндөр хүн юм.
DPUB2 төслийн “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт”-д хамрагдсан талаараа “Хүн бүр нас ахиж хөгшрөх тусам хараа, сонсгол муудаж,хөдөлгөөн удааширч хөгжлийн бэрхшээлтэй болдог. Тиймээс бэрхшээл саадгүй нийгмийг бүтээхэд хүн бүр гар бие оролцох хэрэгтэй бөгөөд үүнд төр засагч онцгой анхаарах ёстой.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэх нь нийгэмд байгаа асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх гол суурь үндэс юм байна гэдгийг анзаарч ойлгосон” гэж ярив. Тэрбээр фэйсбүүкээр дамжуулан ажил хийх хүсэл сонирхолтой ч хэрхэн ажил хайх, яаж ажилд орохоо мэдэхгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зөвлөгөө өгч, биечлэн уулзаж, үнэлгээ хийн, улмаар тохирсон ажилд нь оруулах ажлыг үе шаттай хийж байна. Түүний уулзаж, үнэлгээ хийсэн ХБИ-ий тоо хэдийн 20 давжээ. Чатаар ирсэн бүх асуултад аль болох хурдан хариу өгөхийг хичээнэ. Өглөө эрт, заримдаа шөнө орой ч чат ирнэ. Гэрийнхэндээ төвөг удахгүй гэж ариун цэврийн өрөөндөө орж байгаад ярьж, бичих тохиолдол ч бий гэнэ. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд оруулахдаа, тухайн байгууллага, ажлын байртай нь эхлээд өөрөө очиж танилцан, ажлын байрны үнэлгээ хийснийхээ дараа хөгжлийн бэрхшээлтэй хүнээ дагуулж очдог байна.
Ч.Отгонбаяр дадлагажуулагч “Хамтдаа олон давааг давж, яг ажилд орох болохоор болих ч хүн цөөнгүй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил, хөдөлмөр эрхлэхэд өөртөө итгэх итгэл маш чухал гэж санагддаг. Бас гэр бүлийнхний ойлголт, дэмжлэг, мэдээллийн хүртээмжтэй байдал зэрэг ямар чухал болохыг харж, мэдэрч явна” гэсэн юм.
Тэр “Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хөдөлмөр эрхлэх нь цаашид бие даан амьдрахад хамгийн гол зүйл гэдгийг гэр бүлийнхэнд нь ойлгуулж, өглөө тогтсон цагт босгож, ажилд нь явуулах зэргээр дэмжиж тусалж байхыг захидаг. Ажлын хамт олонд нь харин чадахгүй, мэдэхгүй байна гэж шүүмжилж, загнахыг урьтал болголгүй, чадаж байгаа зүйлд нь анхаарлаа хандуулж, урам өгч ажиллахыг хүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүнээ байгууллагад хэрхэн танилцуулах, гэр бүлийнхэнд нь яаж ойлгуулах гээд бүхий л зүйл дээр DPUB2 төслийн сургалтаас сурсан зүйлээ эргэн харж, бодит байдал дээр ашиглаж ажиллахыг хичээж байна” гэж ярианыхаа төгсгөлд хэлсэн юм.
Энэ оны 3-р сарын 22-ны өдөр бид М.Салтанатын урилгаар түүний гэрт зочилсон юм. Тэр өдөр Казах үндэстний уламжлалт “Наурыз”-ын баярын өдөр байсан нь үнэхээр бэлгэшээлтэй байв. Түүний аав, ээж, нөхөр, дүү охин гээд бүгд үндэсний хувцсаа өмсөн, идээ ундаагаа барьж угтсан юм. “Нарны баяр” гэж нэрлэгддэг энэхүү баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тэмдэглэдгээрээ онцлог бөгөөд Иран, Казахстан, Афганистан, Азербайжан гээд дундад Азийн орнууд төдийгүй Африкийн зарим улсууд гээд 30 гаруй оронд тэмдэглэдэг байна. Мөн ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд багтсан баяр гэдгээрээ онцлог юм.
М.Салтанатын гэрийн баярын ширээнд олон төрлийн идээ, ундаа өрөөстэй байх ба “Каз” буюу давсалж хатаасан адууны мах, хонины чанасан толгой, аарцтай будаатай шөл зэрэг нь энэхүү баярын гол хоол ажээ. Энэ өдөр тэдний хамаатан садан болох 10 гаруй хүнээс гадна хөрш амьдардаг казах хүмүүс ч зочилж ирж байв. Тэд сайн сайхан жил болохыг билэгдэн хамтдаа залбирал үйлдэж, хүүхэд багачууддаа баярын утга учрыг тайлбарлан, идээ ундаагаа хамтдаа зооглон өргөн дэлгэр баярлаж байгаа нь үнэхээр өвөрмөц сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм.
Зочдын хөл татрахад бид М.Салтанатын аав ээжтэй ярилцах боломж гарав. Түүний ээж “Ажилд орсонд нь бид хоёр маш их баяртай байгаа. Гэртээ байдаг үеэ бодвол их сэргэлэн цовоо болсон. Бас олон зүйлд сонирхолтой болсон” гэж баяртайгаар ярив.
М.Салтанат “Кашмер Холдинг” ХХК-ийн үйлдвэрт ажилд орсныхоо дараа Баян-Өлгий аймгийн харьяат нэгэн залуутай танилцан, улмаар гэр бүл болжээ. Удалгүй хүүхэдтэй ч болсон гэнэ. Одоогоор тэр жирэмсний эхэн үед гам барих шаардлагатай болсон учраас ажлаасаа түр чөлөө аваад байгаа бөгөөд Ч.Отгонбаяр дадлагажуулагч ч урьдын адил байнга холбоотой байгаа аж.
Өөрийн харагдах байдал, алхаа гишгээнээсээ санаа зовж, сургуульд ч бүрэн хамрагдаж чадаагүй М.Салтанатад сэтгэл санааг нь сонсож, тусалж дэмжин, ажил хөдөлмөрт холбох мэргэжлийн хүн яах аргагүй хэрэгтэй байжээ. Тэр хүн нь ажлын байрны дадлагажуулагч Ч.Отгонбаяр байв. Түүнийг ажилд авсан “Кашмер Холдинг” ХХК-ийн удирдлага, хамт олон болон түүний өөрчлөлтийг өдөр бүр бахархан харж, дэмжиж буй гэр бүлийнхэн гээд олон талын хүчин зүтгэл, дэмжлэгийн үр дүнд М.Салтанат нийгэмд хөл тавьж, хэрхэн амьдралын туршлагатай болж байгаатай бид танилцлаа.
DPUB2 төслийн үйл ажиллагааны хүрээнд бэлтгэгдсэн ажлын байрны дадлагажуулагчийн дэмжлэгийг авч, хүний нөөцийн бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхтэй ажиллуулан, ажиллах таатай орчин бүрдүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаа “Кашмер Холдинг” ХХК-ийн үйл ажиллагаанаас тухайн хүний хөгжлийн бэрхшээл, нас хүйс, яс үндэс зэргийг үл харгалзан хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэн ажиллах нь хэчнээн чухал болохыг олж харсан гэдэгт итгэлтэй байна.
Байгууллагын нэр |
“Кашмер Холдинг” ХХК |
Үйл ажиллагааны чиглэл |
・Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах ・Оёдол, сүлжмэл, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл |
Нийт ажилтны тоо /компанийн хэмжээнд/ |
600 гаруй ажилтан /2024 оны 3-р сарын байдлаар/ Үүнээс нэрийн дэлгүүрүүдэд 70 орчим ажилтан /2024 оны 3-р сарын байдлаар/ Үйлдвэр, оффист 530 орчим ажилтан /2024 оны 3-р сарын байдлаар/ |
ХБИ-ий тоо /компанийн хэмжээнд/ |
Нийт 36 ажилтан/2024 оны 3-р сарын байдлаар/ /сонсгол, хараа, бие эрхтэн, дотор эрхтний бэрхшээл гэх мэт/ |
ХБИ ажилд авсан шалтгаан |
・Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээг ашигласан. ・Харьяа дүүргийнхээ ХХҮГ-тэй хамтран ажилладаг. |
Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ |
・Сонсголын бэрхшээлтэй ажилтнуудтайгаа саадгүй харилцахын тулд тусгай сургуулийн багшийг тогтсон өдрүүдэд ажиллуулж, орчуулга хийлгэх болон ажилтнуудад дохионы хэл заалгах зэргээр хамтарч ажилладаг. ・ХБИ ажилтанд ажлыг тусгайлан заах хүн томилдог. ・Бэрхшээлийнх нь онцлогт тохируулан ажлын байрыг нь өөрчилж, тохируулга хийдэг. |
2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.
Холбоо барих хаяг:
Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn
Утасны дугаар: 77073008, 77032222
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!