"УБТЗ" ХНН байгуулагдсаны түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байна. 75 жилийн бахархам түүхийг бүтээлцэж байгаа Улаанбаатар зүтгүүрийн депогийн 11-р цувааны машинч, 2023 оны мэргэжлийн аварга Дүгэрсүрэнгийн Ганболдтой ярилцлаа.
-Та 20 гаруй жилийн хөдөлмөрөө “УБТЗ”-даа зориулсан байна. Анх яагаад машинч болъё гэж шийдэж байв?
-Төмөр замд ажиллах болсон минь их учиртай. 2003 онд аав маань над руу залгаад “За, хүү минь. Инженерээр төгссөн залуучуудыг төмөр замд машинчаар ажилд авна гэнэ. Шалгаруулалтад тэнцвэл курст хамрагдаад явах юм байна” гээд зөвлөсөн. Ингээд би Улаанбаатар татах хэсэгт очиж уулзаад, туслах машинчаар суралцсан даа. Түүнээс хойш 21 дэх жилдээ энэ л деподоо ажиллаж байна. Мэдээж, ажил болгон л шаталсан дамжлагатай, туршлагажаад л явдаг шүү дээ. Энэ дагуу 2003-2005 онд татах хэсэгтээ туслах машинч, 2005 оны 9 сарын 1-нээс өдийг хүртэл машинчаар ажиллаж байна. Харин 2012 оноос зорчигч тээвэрт ажиллаж байгаа.
-Ажлын гараагаа эхлэхэд ямар сорилтуудтай тулгарч байсан бэ? Галт тэрэгний машинч бол нэлээд өндөр хариуцлагатай, шаардлага, шалгуур тавьдаг ажил шүү дээ.
-Анх галт тэрэг жолоодно гэхээр эвгүй л санагдаж байлаа. Би өөрөө авто инженерийн мэргэжилтэй хүн. Ийм том тэргэнд орж үзээгүй байсан. Явц дундаа ажилдаа жигдэрч зүгшрээд л, сайхан болсон доо. Галт тэрэгний машинч бол нарийн мэргэжлийн ажил. Депогийн хаалга татсан хүн бүр машинч болчихдоггүй. “Эхлээд туслах машинчаар ажиллаад үз, цаашдын шалгалтуудыг давж чадвал машинч бол” гэдэг.
Машинч нарт 1-3 дугаар зэрэг олгодог. Зэрэггүй машинч мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажиллаж байж, гуравдугаар зэрэг авах болзлоо хангадаг. Үүнээс хойш дахиад 3-4 ажиллаж байж хоёрдугаар зэргээ авна. Суудлын хөдөлгөөнд 1,2 дугаар зэрэгтэй машинч нар ажилладаг. Машинч бол багийн ажиллагаа шаарддаг мэргэжил. Зүтгүүрийн бригад машинч туслах хоёрыг хамтарч, ойр ажиллахыг шаарддаг онцлогтой. Бригадаараа ажлаа хэлэлцэж, нэг санаа бодолтой, жаргал зовлонгоо хуваалцаад, хамтдаа тээвэртээ явж байх сайхан шүү.
-Машинчийн ажлын ачаалал ямар байдаг вэ? Та бүхэн голдуу ямар хуваариар ажиллаж байна?
-Өмнөх сарын төгсгөлд бүтэн сарын ажлын хуваарь, график гардаг юм. Манай суудлын хөдөлгөөнд 17-18 бригад явж байгаа. 2-3 аялал хийж ирээд, 48 цаг амарна. Дахиад 3-4 аялалд гараад, 48 амарна гэх жишээтэй. Ажил хуваарийнхаа дагуу ингэж л төлөвлөгдөөд явдаг даа. Сараар тооцвол, ер нь 24-25 өдөр нь ажилтай л байдаг шүү. Үлдсэн 4-5 өдөрт нь гэртээ. Ингэж цаг наргүй ажиллахад гэр бүлийнхний маань дэмжлэг их чухал байдаг. Хань маань миний ажлыг маш сайн ойлгодог. Аялалд гарах болгонд минь “Сайн яваад ирээрэй, замдаа идээрэй гээд хүнс хоол бэлтгээд л, үдэн гаргаж өгдөг дөө.
-Төмөр замчдынхаа залуу үеийг бэлтгэх чухал гэж ярьдаг. Та залуу машинчдыг сургаж дадлагажуулахад ямар санаачилгатай ажиллаж ирэв?
-Гурван туслах машинчийг бэлтгэж ажиллалаа. Тэр гурав маань гурвуулаа жил дараалж үйлдвэрийн аваргууд боллоо. Үүгээрээ маш их бахархдаг. Энэ зөвхөн миний үзүүлэлт биш, зүтгүүрийн бригад буюу машинч туслах хоёрын маань ажлын үзүүлэлт юм. Цаашилбал, манай Улаанбаатар татах хэсэг, ашиглалтын цехийн ажлын үзүүлэлт болов уу л гэж бодож явдаг юм шүү дээ.
Анх намайг ажилд орж байхад 18 вагон аялалд гардаг байлаа шүү дээ. Одоо зорчигчдын галт тэргэнд дээд тал нь 27 хүртэлх вагон явж байна. Зорчигчдын хөдөлгөөн ихсэж байгаа. Энэ болгонд тухайн машинчийн жолоодох ур чадвар дээшилж байна л гэсэн үг. Олон вагон жолоодож явна гэдэг бол бас л ур чадвар шаардана шүү дээ.
Тухайн галт тэргийг цагийн хуваарийн дагуу, аядуу зөөлөн жолоодож, хүрэх ёстой газар нь хоцроолгүй аваачиж өгнө гэдэг маш том хариуцлага.
-Галт тэрэгний машинч нар гэдэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилладаг хүмүүс. Осол зөрчлөөс сэргийлэх, тээврийг аюулгүй явуулахад олон талын оролцоо хэрэгтэй байна. Энэ тал дээр та ялангуяа, жолооч нарт хандаад юу хэлэх вэ?
-Галт тэрэг огцом зогсож болдог гэдэг буруу ойлголт хүмүүсийн дунд нийтлэг байдаг. Гэтэл 6 мянган тоннтой галт тэрэг яаралтай тоормос хийгээд зогсоход километр 200 метр явж байж л зогсоно. Тухайн галт тэрэгний явж байгаа хэвгий, замын аяс, галт тэрэгний жин гол зэрэг олон юмнаас хамаарна.
Жолооч нар гарам дээр ирээд, галт тэрэгний урдуур түрүүлж гарч амжина гэсэн сэдлээр өөрсдийгөө эрсдэлд оруулах тохиолдол их байна. Явган зорчигчдын хувьд галт тэрэгний урдуур гүйж орох, чихэвчний хөгжим сонсоод явах гэх мэт хайнга үйлдлийг төмөр замын аюултай бүс дотор гаргах нь түгээмэл. Галт тэрэг дор хаяж 1 км явж байж зогсоно. Хориглосон дохио ассан л бол түр зогсоод хүлээгээрэй гэдгийг ч хүмүүст дахин дахин анхааруулж хэлмээр байна. Галт тэргийг зогсож өнгөрүүлэхэд хэдхэн секундийн хугацаа л орно шүү дээ.
-“УБТЗ“ ХНН-ийн нийгэмдээ оруулж байгаа хувь нэмрийн талаар та ярина уу?
-Улаанбаатар төмөр зам ХНН маань сүүлийн 10 жилд парк шинэчлэлтийг эрчимтэй хиж байна. Шинэ илчит тэрэгнүүдээ хүлээн авч байна. Өмнө нь бид 2600 тонн ачаатай явдаг байлаа. Шинэ серийн илчит тэрэгнүүд орж ирснээр түлхэгчтэй 6 мянган тонн, дангаараа 4200 -4500 тонн ачаа татаж байна. Энэ бол сүүлийн 10 гаруй жил манай УБТЗ-д хийгдсэн том өөрчлөлт, ахиц дэвшил. Манай УБТЗ монгол Улсынхаа нийт ачаа эргэлтийн 70 гаруй хувийг тээж байгаа. Байгууллага маань монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд нь түүчээ болж алхаж явдагт төмөр замчин бид маш их баярлаж бахархаж явдаг.
-Та 2023 онд байгууллагынхаа ажил мэргэжлийн аварга болсон. Таны ямар ажлын үзүүлэлтүүдийг үнэлсэн бол?
-2023 онд ажил бүтээлийн хувьд өндөр жил байлаа. Нийт 2006 цаг ажиллаж 17500 литр түлш хэмнэн, техникийн хурдыг 107 хувьд хүргэж, 53 мянган км аялсан үзүүлэлттэй ажилласан даа.
-Машинчаар ажиллах хугацаандаа хэр урт замыг туулсан байна? Та ер нь бодож, тооцоолж үзэж байв уу?
-2003 оноос хойш 21 жил ажиллахдаа би 2 сая гаруй километр аялсан байдаг юм. Ойролцоогоор бодоход шүү дээ.
-Та хамт олондоо 75 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү.
-Нийт төмөр замчдадаа болон ахмадууддаа, үе үеийн төмөр замчдадаа УБТЗ ХНН үүсэж байгуулагдсаны 75 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Бүгдэд нь эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!