Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Пенсильванид болсон арга хэмжээний үеэр АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп шархадсан байж болзошгүй байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хэдхэн цагийн өмнө Пенсильвани мужийн Батлер хотод болсон сонгуулийн арга хэмжээний үеэр буун дуу гарсны дараа АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг тусгай албаныхан нүүлгэн шилжүүлжээ.

Буудах чимээ гарах үед Трамп эхлээд тайзан дээр унасан бөгөөд дараа нь тусгай албаныхан нүүлгэн шилжүүлэх үед түүний нүүр цустай харагдаж байлаа.

Энэ үеэр тэр сонгогчид руу зангидсан нударгаа харуулан орилж байсан юм.

Трампыг тайзан дээр үг хэлж эхлээд удаагүй байх үед ийм явдал болсон байна.

зураг
 

АНУ-ын тусгай албаны хэвлэлийн төлөөлөгч Энтони Гуглелми “Энэ явдал долдугаар сарын 13-ны орой Пеннсильванид болсон Трампын уулзалтын үеэр боллоо. Тусгай алба хамгаалах арга хэмжээ авсан бөгөөд ерөнхийлөгч асан эсэн мэнд байгаа. Одоо бид хэргийг мөрдөн шалгаж байна. Олдсон мэдээллийг тухай бүрд нь өгөх болно” гэж мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болсон явдлын талаар мэдээлэл авсныг Цагаан ордноос мэдэгдсэн байна.

Бүгд Найрамдах Намын лидерүүд Трампын эрүүл мэндэд санаа зовж байгаагаа илэрхийлсээр байна.

Тухайлбал Конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон “ерөнхийлөгч Трампын төлөө залбирч” байгаагаа X хуудсандаа мэдээлжээ.

зураг
 

Трампын хэвлэлийн төлөөлөгч Стивен Чун “Ерөнхийлөгч Трамп энэхүү бусармаг үйлдлийн үеэр шуурхай арга хэмжээ авсан хууль сахиулах байгууллага болон яаралтай тусламжийн ажилтнуудад талархаж байна. Түүний биеийн байдал сайн бөгөөд орон нутгийн эмнэлэгт үзүүлж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгөх болно” гэж мэдэгдсэн байна.

Ардчилсан Намаас сонгогдсон Пенсильвани мужийн захирагч Жош Шапиро “Ямар ч улс төрийн нам болон улс төрчийг чиглэсэн хүчирхийллийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гэж сошиал хуудсаараа мэдэгджээ.

Конгрессын төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан Намын бүлгийн тэргүүн Хаким Жефрис “Би ерөнхийлөгч асан Трампын төлөө залбирч байна. Хууль сахиулах байгууллага шийдвэртэй хариу арга хэмжээ авсанд талархаж байна. Америк бол ардчилсан орон. Ямар ч улс төрийн хүчирхийллийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN