Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс жолоочийг санамсаргүй хурдлахаас сэргийлэх технологийг автомашинуудад нэвтрүүлэх гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Япон улс автомат кроптой бүх шинэ автомашинд жолоочийг санамсаргүй хурдлахаас сэргийлэх технологи нэвтрүүлэх талаар төлөвлөж эхэлжээ.

Тус улсын хүн амын дунд өндөр настнуудын тоо нэмэгдэж, хурдасгуур болон тормозын дөрөөг сольж гишгэснээс үүдэлтэй осол эндэгдэл нэмэгдсэн нь үүнтэй холбоотой юм байна.

Зөвхөн Япон төдийгүй дэлхий дахинд ийм асуудал нэмэгдэж байгаа тул НҮБ-аас ирэх оны дундуур зохицуулалтын шинэ стандарт нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

“Япон улс ийм технологийг 2022 оноос хойш олон улсын стандарт болгох санал дэвшүүлж байгаа. Автомашины аюулгүй байдлыг сайжруулах шинэ зохицуулалтад бид бэлдэх болно” гэж Япон улсын тээврийн сайд Тэцүо Сайто саяхан мэдэгдсэн юм.

Шинэ технологи нь автомашин ямар нэг том биетээс хамгийн ойрдоо 1-1.5 метр зайтай байхад жолооч хурдасгуурын дөрөөн дээр гишгэхэд хурдыг автоматаар эрс бууруулдаг (8 км/цагаас доош) байх ажээ.

Бас автомашины дэлгэц дээр “Хурдасгуурын дөрөөн дээрээс хөлөө ав” гэсэн анхааруулгыг харуулдаг байх гэнэ.

Энэ оны арваннэгдүгээр сард НҮБ өөрийн зохицуулалтын журмыг батлах бөгөөд тухайн үед Япон улс өөрийн технологийг уг зохицуулалтад нийцүүлэн шинэчлэх юм байна.

Ингэснээр шинээр үйлдвэрлэх бүх автомат кроптой автомашинуудад уг технологи стандарт болж нэвтрэх ажээ.

Японы засгийн газрын албаны тоо баримтаас үзвэл 2023 онд тус улсад хурдасгуур, тормозын дөрөөг андуурснаас үүдэлтэй замын хөдөлгөөний 3,110 осол гарснаас 38 хүн амиа алдаж, 4,343 хүн бэртэж байжээ.

Япон улсын зах зээлд нийлүүлэгддэг ихэнх шинэ автомашинууд одоо үүнтэй төстэй технологийг нэвтрүүлдэг болсон бөгөөд зарим компаниуд хуучин автомашинуудад нэмэлтээр суурилуулдаг төхөөрөмж үйлдвэрлэдэг болсон байна.

 

Эх сурвалж: Kyodo News