Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

З.Гэрэлт-Од: Бидний нэрийг барьж их хэмжээний мөнгө бусдад амлаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгуульд оролцож буй Үнэн Ба Зөв Намаас сонгуулийн сурталчилгааны хугацаанд шударга бус явдал гарч байгаа талаар өнөөдөр Үндэсний Мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгуулав.

Тус намын сонгуулийн Зөвлөх менежер "Энэ сонгууль эхнээсээ л шударга бус явагдаж байна. Үүнийг баримтжуулаад хуулийн байгууллагуудад хандсан ч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авсангүй. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нэр дэвшигч нар сонгуулийн үйл ажиллагаагаа явуулж байхад асар их дуудлага ирсэн. Тодруулбал "Та нар хэзээ мөнгөө өгөх вэ", "Та нарт 10, 20, 100 регистрийн дугаарыг өгсөн. Тэр мөнгө хэзээ орох вэ" гэж зогсоо зайгүй утастаж байсан. Эхэндээ бид үүнийг хэргээр утастаж байна, бусдын явуулга гэж ойлгосон ч давтагдсаар байв. Ингээд хэнтэй хаана уулзсан, хэн мөнгө амласан гэдгийг тодруулж, мөрдлөг хийгээд газар дээр нь очсон юм. Сонгинохайрхан дүүрэгт байрлах цэг дээр нь очоод эхлээд мөнгө нэхэж байсан хүмүүсийг оруулаад, араас нь өөрсдөө ороход манай нэр дэвшигч З.Гэрэлт-Одын нэр дээр хүмүүсийн хаяг, утасны дугаар, регистр гээд нууцын мэдээллийг цуглуулсан байна.

Регистрүүдийг 100,000-1,000,000 хүртэлх төгрөг амлаж цуглуулсан байна. Энэ бол Үндсэн хууль болон маш олон хуулийг зөрчсөн үйлдэл. Нэр дэвшигчийг унагаах үйлдэл гэж бид харж байна. Сонгууль болоод дуусахад манай нэр дэвшигч рүү маш олон хүн залгаад мөнгө нэхэх нь гарцаагүй. Үүнтэй холбоотой ихээхэн асуудал гарах тул өнөөдөр ийнхүү хэвлэлийн хурал зарласан" гэв.

З.Гэрэлт-Од: Талбай дээр суулт зарлах болно

УИХ-ын 11 дүгээр тойрогт нэр дэвшигч З.Гэрэлт-Од "Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 15-нд ид дундаа явж байх үед иргэдээс их хэмжээний мэдээлэл ирсэн. Мэдээллийн мөрөөр хуулийн байгууллагад хандаж, миний болон манай нэр дэвшигчдийн нэр хүндийг сэргээж өгөөч, нэн даруй арга хэмжээ аваад өгөөч гэсэн боловч өдийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй. Ингэж байгаа нь залуус бидний сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж байна. Энэ хүмүүс бидний нэрийг барьж их хэмжээний мөнгийг бусдад амлаж байгаа нь гадаадын эсвэл дотоодын санхүүжилттэй байх өндөр магадлалтай.

Бид мөнгөгүй сонгууль хийж байгаа. Бид нэг ч хүнээс регистрийн дугаар, нэр хаягийг нь аваагүй. Хэнд ч мөнгө амлаагүй. 

Тодорхой шийдэл гаргатал Д.Сүхбаатарын талбай дээр суулт зарлана. Цаашлаад хариуг яаралтай гаргахгүй, ямар хүмүүс бусдад мөнгө амласныг хэлэхгүй, ямар арга хэмжээ авахаа зарлахгүй бол улс төрийн өлсгөлөн болгож үргэлжлүүлнэ. 34 жил эрх баригчдын гарыг харж, жагсах цуглах эрхгүй, дуу хоолойгоо хүргэх эрхгүй явлаа. Иргэний зориг гаргаад сонгуульд ороход иймэрхүү асуудлуудтай тулгарч байна" гэлээ. 

Ч.Баттунхаг: Миний сошиал хаягууд бүгд устсанаар сурталчилгаагаа цахимаар үргэлжлүүлэх боломжгүй болсон

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын 9 дүгээр тойрогт нэр дэвшигч Ч.Баттунхаг "Бодит явдлыг газар дээрээс нь мэдээлээд, цагдаа шүүхийн байгууллагад өгснөөс хойш миний сошиал хаягууд бүгд устсан. Ингэснээр  сурталчилгаагаа цахимаар үргэлжлүүлэх боломжгүй болсон. Шударга сонгууль хийхийг уриалъя" гэв.

Тус намын сонгуулийн Зөвлөх менежер "Хууль хүчний байгууллагууд албан ёсны мэдээлэл хүргээгүй тул үүнийг хэн зохион байгуулсан, аль намтай холбогдсон гэдгийг бид гадарлаж, баримттай мэдэж байгаа ч нэрийг нь хэлэхгүй байгаа юм. Албан ёсны мэдээллийг хүлээж байна. Хэрэв хэргийг үнэнээр нь зарлахгүй бол өөрсдийн мэдэж буй баримтыг нийтэд дэлгэх болно. 

Бидний эмзэглэж буй зүйл нь хүмүүсийн нууцын мэдээллийг цуглуулж, мөнгө амлаж байгаа нь мөнгөөр төрийн эрх мэдлийг авах гэж байна. Санхүүжилт хаанаас вэ, магадгүй гаднынх уу. Тэр их хэмжээний мөнгө хаанаас эх үүсвэртэй вэ. Олон нийтийн сүлжээнд маш их сенсаац болсон. Юань хайрцаг хайрцгаараа орж ирж байсан. Тэр мөнгө хаана байна вэ? Түүний талаарх тайлбар хаана байна? Монголд болж байгаа бүх юм усанд хаясан чулуу мэт уусаад алга болж байна. Тэр санхүүжилт өнөөдөр манай нэр дэвшигчдийн үйл ажиллагаа руу зарцуулагдсан байх магадлалтай гэж бодож байна" гэлээ.