Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Увс, Ховд, Завхан аймаг дахь шилжилт хөдөлгөөн сонгуулийн дүнд ч нөлөөлж болохуйц хэмжээнд байна"

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 6 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс УИХ-ын 2024 оны сонгуулийн үйл явцын ажиглалт, мониторингийн талаар мэдээлэл өглөө. 

Мониторингийн зорилго нь УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн/ХМХ/ гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ-ны саналыг үндэслэн СЕХ баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.

Сүлжээний гишүүн "МИДАС" ТББ-ын захирал С.Энхжаргал "Манай төрийн бус байгууллага 2012 оноос эхлээд сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой мониторинг, 2016 оноос сонгогчдын нэрийн жагсаалтын мониторинг хийж байгаа. Санал тоолох төхөөрөмжийн тестийг маргааш СЕХ-нд хийнэ. 

Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой "царцаа"-ны асуудал яригддаг. Энэ удаагийн сонгуульд ч ялгаагүй 2-р тойрог буюу Увс, Ховд, Завхан аймагт хамгийн их шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Энэ тойргийн шилжилт хөдөлгөөн нь сонгуулийн дүнд ч нөлөөлж болохуйц хэмжээнд байна.    

Сонгуулийн хуулийн 3.1.6-д зааснаар сонгогч гэж “сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэнийг”, 3.1.7 сонгуулийн эрх бүхий иргэн гэж 18 насанд хүрсэн эрх зүйн чадамж бүхий иргэнийг хэлнэ. Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй бол сонгогч биш болно. Сонгууль болоход хэдхэн хоног үлдээд буй энэ үед сонгогчдын нэрийн жагсаалт мэдээллээ шалгаж, аль тойрог, аль хэсэгт саналаа өгөхөө мэдэж авахыг нийт сонгогчдод  зөвлөн уриалж байна. Энэ удаагийн сонгуулиар нэг хэсэгт ногдох сонгогчдын тоог бууруулж шинэ хэсгүүд нэмсэн учир санал өгч ирсэн хуучин хэсэгтээ бус өөр хэсэгт хуваарилагдсан ч байх магадлалтай. Сонгуулийн өдөр сонгогч буруу хэсэг дээр дугаарлаж цаг алдах, саналаа өгөх боломжгүй болох гэх мэт асуудал үүсэж болзошгүйг анхааруулж байна. Сонгогчдын нэрийн жагсаалтаар цахимаар болон холбогдох хэсгийн хороон дээрээ очиж шалгах боломжтой бөгөөд хаяг дээрээ бүртгэлтэй “царцаа” байгаа эсэхийг шалгаарай.

УИХ-ын сонгуулийн хуульд гадаадад байгаа сонгогчдын бүртгэлийн процессыг хялбаршуулж, санал өгөх хугацааг дөрвөн өдөр болгосноор 13,095 сонгогч санал өгөхөөр бүртгүүлээд байгааг СЕХ мэдээлсэн. Энэ нь гадаадад байгаа сонгуулийн насны иргэдийн 10 орчим хувь болно. Өмнөх сонгуулиар 7,000 гаруй сонгогч бүртгүүлж байсантай харьцуулахад 40 гаруй хувиар нэмэгджээ. Гэхдээ гадаад байгаа 34 дипломат төлөөлөгчийн газар иргэдээ сонгуульд оролцуулах ажилд хайнга цалгар ханддаг нь хэвээр байна. Дипломат төлөөлөгчийн газар байрладаг хотод байгаа, саналаа өгөхийн тулд холоос очих шаардлагагүй  сонгогчид ч бүрэн хамрагдахгүй байгаад дүгнэлт хийж улсын төсвөөс чамгүй мөнгө зарсан энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахад анхаарах шаардлагатай.

Энэ удаагийн сонгуулиар УБЕГ сонгогчдын нэрийн жагсаалт, ирцийн мэдээллийг шуурхай шууд мэдээлэхээр болсон нь сайшаалтай. Гэвч нам, эвсэл, ТББ-уудын ажиглагчидтай нээлттэй хамтран ажиллана гэсэн амлалтаасаа ухарч байна. Тус байгууллага нь программын шинэчлэл хийснээ дэлгэцээр танилцуулж, удирдлага нь хүлээн авч тодруулга өгсөн. Гэвч мэдээллийн баазыг зөөврийн компьютер руу хуулах явцыг ажиглах хуваарьтай хоёр өдөр хүлээлгэсний эцэст  иргэний нийгмийн болон намын  ажиглагчдад ажиглах боломж олгосонгүй. Ардчилсан сонгуулийн нэг гол зарчим нь сонгуулийн үйл явцын ил тод байдал бөгөөд сонгуульд иргэний нийгмийн зүгээс идэвхтэй хяналт тавих нь ил тод байдлыг хангах чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй сонгуулийн үйл явц, үр дүнд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлж, аливаа хардлага, маргаан, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой билээ.

Сонгогчдын нэрийн жагсаалтад  бидний өмнө хийсэн ажиглалт, хэлэлцүүлгүүдийн үр дүн, зөвлөмжүүд УИХ-ын сонгуулийн хуульд тусаж, зохих сайжруулалт хийгдэж байгаад талархаж байна. Сонгогч өөрийн мэдээллээс гадна хамт нэг хаяг дээрээ бүртгэлтэй хүмүүсийн мэдээллийг цахимаар шалгах, сонгогчдын нэрийн жагсаалтын нэгдсэн баазтай байх, сонгогчдын нэрийн жагсаалтын хуулбарыг нам эвслүүдэд  сонгуулийн өдрөөс 20 хоногийн өмнө, түүнчлэн эцэслэгдсэн байдлаар гурав хоногийн өмнө хоёр удаа өгөхөөр болсон нь үүний жишээ юм. Харин иргэний нийгмийн байгууллагууд сонгогчдын нэрийн жагсаалтын хуулбарыг авах боломжгүй тул нарийвчлан шалгах боломж хомс байна. Иймд улс төрийн нам, эвслүүдийг бидэнтэй хамтран ажиллаж хяналт тавихыг уриалж байна. Энэ удаагийн сонгуулиар бид Factcheck.mn –тэй хамтран нэг хаяг дээр хэт олон сонгогч байна гэх мэт маргаан дагуулсан мэдээллүүдийг хамтран хянан шалгаж, нягтлахаар ажиллаж байгаа" гэлээ.