• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Ундрал: Өрх, хүн амын амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа улсын хэмжээнд үргэлжилж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 6 сарын 13
ikon.mn
Зураг зураг

Үндэсний Статистикийн Хорооноос Статистикийн тухай хуульд заасны дагуу өрхийн орлого, зарлага, ядуурал, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаануудыг сар бүр тогтмол зохион байгуулж байна.

Тодруулбал, жилийн туршид санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон

  • Ажиллах хүчний судалгаанд 15,040 өрх
  • Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд 16,400 өрхөөс мэдээлэл цуглуулж,  үр дүнг улирал болон жилээр тооцон тархаадаг байна.

Үндэсний хэмжээнд явуулж буй Өрхийн нийгэм, эдийн засаг болон Ажиллах хүчний судалгааны мэдээлэл цуглуулалтын явцын талаар ҮСХ-ны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга Л.Ундралтай ярилцлаа.



-Монгол Улсын хэмжээнд үргэлжилж буй "Өрхийн нийгэм, эдийн засаг болон Ажиллах хүчний судалгаа"-г ямар онцлогоор зохион байгуулж байна вэ. Энэ талаарх мэдээллийг уншигчдад танилцуулна уу?

-Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай улсын хувьд “Өрхийн орлого, зарлагын судалгаа”-г 1966 оноос тогтмол зохион байгуулан, өрхийн орлого, зарлагын статистик мэдээллийг тооцож байсан. Харин олон улсад ашиглагддаг хүн амын ядуурлын түвшнийг тодорхойлдог “Хүн амын амьжиргааны түвшний судалгаа”-г Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр 1995, 1998, 2002-2003 онуудад зохион байгуулж, ядуурлын түвшнийг тооцож байсан.

Эдгээр өрх, хүн амын амьжиргааны статистик мэдээллийг тооцон гаргадаг хоёр томоохон судалгааг нэгтгэн Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа нэртэйгээр 2007-2008 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулж, мэдээллийг сар бүр, тогтмол зохион байгуулж байна.

2024 оны хувьд энэхүү судалгаанаас өрхийн орлого, зарлагын статистик мэдээллийг тооцон гаргахаас гадна Монгол Улсын ядуурлын түвшнийг тодорхойлох дэлгэрэнгүй асуулгаар мэдээллийг цуглуулж байгаагаараа онцлог юм.

Харин Ажиллах хүчний судалгааг анх Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2002-2003 онд эхлүүлж, 2006 оноос мэдээлэл цуглуулалтыг албан ёсоор сар бүр тогтмол явуулж байна. Уг судалгааны мэдээллээс Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд гарч буй өөрчлөлтийг дэлгэрэнгүй харах боломжтой.

-Одоогоор судалгааны мэдээлэл цуглуулах үйл явц ямар шатандаа үргэлжилж байна вэ?

-Өмнө хэлсэнчлэн, эдгээр судалгааны мэдээлэл цуглуулах ажил сар бүр үргэлжилдэг бөгөөд 2024 оны мэдээлэл цуглуулалт нэгдүгээр сараас 12 сар хүртэл үргэлжлэх юм.

Цуглуулсан мэдээлэлд үндэслэн өрхийн орлого, зарлага болон хөдөлмөрийн зах зээлийн талаар улирлын үр дүнг тооцон тархаадаг ба бүтэн жилийн мэдээлэл цуглуулснаар жилийн үр дүнг нэгтгэн гаргах боломж бүрддэг.

Өнөөдрийн байдлаар орон даяар эхний таван сарын мэдээлэл цуглуулалт дуусаж, зургаадугаар сарын мэдээлэл цуглуулах ажил үргэлжилж байна.

-Иргэдээс мэдээлэл цуглуулах ажлыг түүврийн аргаар зохион байгуулж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. "Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа", "Ажиллах хүчний судалгаа"-нд сард дунджаар 1,300 гаруй өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон судалдаг. 2024 онд Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд 16,400 өрх хамрагдах бол Ажиллах хүчний судалгаанд 15,040 өрх хамрагдана.

Эдгээр өрхүүд Монгол Улсын нийт 983 мянган өрхийн төлөөлөл болж санамсаргүйгээр сонгогддог гэсэн үг юм.

-Энэхүү судалгаанд оролцсоны ач холбогдлыг иргэдэд таниулах нь илүү чухал болов уу?

-Тэгэлгүй яахав, түүвэрт сонгогдсон айл, өрх бүрээс мэдээлэл цуглуулснаар үндэсний хэмжээний буюу Монгол Улсын нийт хүн амыг төлөөлөхүйц үр дүнг гаргаж чадна. Мөн илүү нарийвчилсан мэдээллүүдийг дэлгэрэнгүй задалж судлах боломж бүрддэг.

Хэрэв сонгогдсон өрхүүд судалгаанд хамрагдахгүй бол өрхийн орлого, зарлага болон хөдөлмөрийн статистик тоон мэдээллүүдийг улсын түвшинд гаргахад хүндрэлтэй болно.  Иймээс судалгааны ажлыг дэмжин, мэдээллээ бүрэн гүйцэд бүрдүүлэхэд иргэдийн оролцоо хамгийн чухал байдаг.

ВИДЕО 1: 

-Судалгааг ямар зохион байгуулалтаар явуулдаг вэ?

-Эдгээр судалгаа нь жилийн туршид Монгол Улсын 21 аймаг, 300 гаруй сумаас иргэдийг төлөөлүүлэн хамруулдаг томоохон судалгаанууд юм.

Нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтэс бүрд судалгааны мэдээлэл цуглуулах баг ажилладаг ба тусгайлан бэлтгэсэн гэрээт мэдээлэл цуглуулагч нар сонгогдсон өрхөөс биечлэн очиж мэдээллийг цуглуулдаг.

Бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж, хамтран ажилладаг засаг, захиргааны анхан шатанд ажиллаж буй баг, хорооны ажилтнууддаа энэ ташрамд гүн талархал илэрхийлье. Учир нь статистикийн мэдээ боловсруулахад мэдээллийн найдвартай эх үүсвэр болж буй өрхүүд, тэр дундаа алслагдсан газарт амьдардаг өрхүүдэд хүрэхэд маш их дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг. Мэдээлэл цуглуулагч нар маань хол замд явахад олон хүндрэл, бэрхшээл тулгардаг бөгөөд эрсдэлийг даван туулахад баг, хорооны ажилтнууд онцгой үүрэгтэй байдаг гэдгийг онцолж хэлмээр байна.

Үндэсний Статистикийн Хороо нь өрхөөс мэдээлэл цуглуулахдаа цаасан асуулгаар цуглуулдаг байсан аргыг 2013 онд өөрчилж, таблетаар мэдээллээ цуглуулдаг болсон. Ингэснээр, цаасан асуулга дээрх мэдээллийг компьютер дээр шивэх процессыг хөнгөвчилснөөс гадна улирлын үр дүнг илүү богино хугацаанд боловсруулж, нэгтгэх боломж бүрдсэн. Мөн таблетад шилжүүлсний дараа судалгааг компьютерт шивэх үед алдаа гарах эрсдэл мэдэгдэхүйц буурсан.

-Өрхийн нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй судалгааны талаар илүү мэдээлэл өгнө үү?

Өрхийн орлого, зарлагын статистик мэдээллийг жил бүр гаргахаас гадна, ядуурлын үр дүнг тооцон тархаахаас хамаараад тэгш тоотой жилүүдэд дэлгэрэнгүй, сондгой тооцоо жилүүдэд хураангуй асуулгаар зохион байгуулдаг.

Өөрөөр хэлбэл, ядуурлын үр дүнг тооцоход олон төрлийн мэдээллүүд хэрэглэгддэг тул илүү их мэдээлэл шаарддаг. Одоогоор 2022 оны байдлаар ядуурлын үр дүнг нийтэд танилцуулсан бол 2024 оны мэдээлэл цуглуулалтыг дууссанаар ядуурлын түвшнийг шинэчлэн тооцох боломжтой болох юм.

-Ажиллах хүчний судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн албан ёсны мэдээллийг Ажиллах хүчний судалгааны хүрээнд тооцон тархааж байна. Жишээлбэл,

  • Хөдөлмөр эрхлэх боломжтой насныхны хэдэн хувь нь ажиллаж байна вэ?
  • Монгол Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин ямар байгаа вэ?
  • Хөдөлмөрийн дутуу ашиглалтын түвшин хэр хэмжээнд хүрсэн бэ? зэрэг олон чухал статистик мэдээллүүд гаргадаг.

Манай улсын хувьд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу 2019 онд хөдөлмөр эрхлэлтийг тооцох арга зүйд өөрчлөлт оруулсан.  

-Хөдөлмөрийн статистикийг тооцох шинэ аргачлалын зарим ойлголтыг тайлбарлана уу?

-Хөдөлмөрийн статистикийн шинэчилсэн аргачлалд оруулсан гол өөрчлөлт бол Хөдөлмөрийн дутуу ашиглалтын статистик мэдээллийг гаргах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, өмнө нь ажиллах хүчний дутуу ашиглалтад ажилгүй иргэн гэдэг ойлголтыг авч үздэг байсан бол үүнээс гадна боломжит ажиллах хүч болон цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт гэх шинэ ойлголтууд орж ирсэн өргөн хүрээний статистик мэдээлэл юм.

Эдгээр ойлголтыг дэлгэрүүлж тайлбарлавал,

  • Ажилгүй иргэн гэдэг нь тухайн хүн ажил хийгээгүй ч, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн байдлаар ажил хайх оролдлого хийсэн, мөн өнгөрсөн долоо хоногт эсвэл ирээдүйн хоёр долоо хоногт ажил гараад ирлээ гэхэд ажиллахад бэлэн байсан/байгаа хүмүүс юм.
  • Цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт гэдэг нь тухайн иргэн ажилтай ч, бүтэн цагаар ажилладаггүй, нэмэлтээр өөр ажил хийх сонирхолтой байгаа хүмүүс юм.
  • Боломжит ажиллах хүч гэдэг нь одоогоор ажил, хөдөлмөр эрхлээгүй ч ажил хайхгүй байгаа гэхдээ ажил хийхэд бэлэн, эсвэл эсрэгээрээ ажил хайсан ч, ямар нэгэн шалтгаанаар ажил хийхэд бэлэн биш байгаа хүмүүс байна.

Тэгэхээр ажил хийдэггүй л бол ажилгүй хүн гэсэн ойлголтод шууд хамруулж ойлгох нь учир дутагдалтай гэсэн үг. Тухайн хүнээс ажил хайсан эсэх, ажил хийхэд бэлэн байгаа эсэхийг тодруулж асууснаар, ажилгүй хүн гэсэн ойлголтыг бүрэн тодорхойлох боломж бүрддэг.  

ВИДЕО 2: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.9] 2024/6/14
Улны ангилалд хэдэн айл орж байна?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.23] 2024/6/13
Сонгуулийн шоу эхэлж байна.
0 | 0 Хариулах
Зочин [101.110.42.61] 2024/6/13
Erguu ym yrihiin, ym unshij sudalj bai. Yuugaa ch medehgui baij.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/6/13
худлаа сонгуулийн өмнө аль намд санал өгөхнүү гэж тандах гэж байгаа биз, болио боль
2 | 0 Хариулах
ЗОчин [202.131.245.69] 2024/6/13
Улс орны эдийн засгийн байдлыг тодорхойлох чухал судалгаа гэж ярьсан бхад сонгуулийн санал тандахжийгаа чих шиг. Ийм гарууд сонгууль өгнө гэээл бод доо хаха
1 | 0 Хариулах