Зургаадугаар сарын 10-ны шөнө Крымийн хойгт байрладаг Оросын агаарын довтолгооноос хамгаалах хэд хэдэн системийг устгаснаа Украины зэвсэгт хүчин өчигдөр мэдээлжээ.
Тухайлбал Черноморское, Евпатория орчимд хоёр С-300 систем, Жанкой орчимд нэг С-400 системийг амжилттай устгаснаа Украины зэвсэгт хүчний жанжин штаб мэдээлсэн байна.
“Манай харвасан ганц ч пуужинг зогсоосонгүй. Украины пуужингийн цохилтын дараа тухайн бүс нутагт С-300/С-400 системүүдийн радар ажиллахаа больсон. Үүнээс гадна цохилт өгсөн гурван газарт бүгдэд нь сум дэлбэрснийг бүртгэлээ” гэж дээрх мэдэгдэлд өгүүлжээ.
Оросын Astra телеграм сувгийн мэдээлснээр тухайн шөнө Украины талаас АНУ-д үйлдвэрлэсэн арван ширхэг ATACMS пуужингаар Крымийн хэд хэдэн байрлалд довтолсон байна.
Тэдгээрийн хоёр нь Громово тосгоны ойролцоох ОХУ-ын батлан хамгаалах яамны агаарын довтолгооноос хамгаалах 31 дүгээр дивизийн байрлалд тусжээ.
Үүний улмаас хоёр С-300 систем, хоёр радарын станц сүйрсэн байна. Нэг алба хаагч алагдаж, дөрвөн цэрэг шархаджээ.
Жанкой дүүрэгт дөрвөн пуужин туссаны улмаас хоёр радар гэмтэж, нэг алба хаагч алагдсан байна.
Саки дүүрэгт дөрвөн пуужин довтолсны дараа зэвсэг техникийн хохирлын хэмжээг тогтоох ажил үргэлжилж буйг мэдээлжээ.
Украины зэвсэгт хүчин дөрөвдүгээр сарын сүүлээр АНУ-аас алсын тусгалын ATACMS пуужингууд хүлээж авсны дараа Крымийн хойг дахь Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг “ангуучилж” эхэлсэн юм.
Дөрөвдүгээр сарын сүүлээр Крым дэх агаарын довтолгооноос хамгаалах гурван бааз, түүний дотор Жанкойн нисэх онгоцны буудалд нэг дор довтолсны улмаас нэлээд хэмжээний хохирол учруулж байв.
Тавдугаар сарын 13-нд Украины пуужингийн цохилтын улмаас Ай-Петри ууланд байрладаг ОХУ-ын зэвсэгт хүчний гуравдугаар радиотехникийн ангийн агаарын довтолгооноос хамгаалах бааз сүйрсэн юм.
Зургаадугаар сарын эхээр АНУ-ын эрх баригчид зэвсгийг нь ОХУ-ын нутаг дэвсгэрт ашиглах зөвшөөрөл өгсний дараа Украины тал HIMARS пуужингаар Белгород мужид байрладаг хоёр С-300/С-400 систем болон хэд хэдэн туслах техникийг устгажээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!