Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд манай гарагийн хамгийн эртний моддын нэгний гарал үүслийг тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Баобаб хэмээх эртний модны гарал үүслийг эрдэмтэд орчин үеийн ДНХ судлалын арга техникээр тогтоож чаджээ.

Уг мод анх Мадагаскар аралд 21 сая жилийн өмнө үүссэн байна.

Сүүлд далайн урсгалаар тарсан үр нь Африкийн эх газар, Австрали тивд хүрэхдээ өөр өөр дэд төрөл зүйл болон хувьсжээ.

Эрдэмтэд Мадагаскар арлын зургаа, Африк, баруун хойд Австралийн тус бүр нэг төрөл зүйл, нийт найман төрлийн баобабыг судалгаандаа хамруулсан байна.

Урт настай баобаб модыг “амьдралын мод” гэж нэрлэдэг бол бас этгээд сонин хэлбэрээр нь “уруугаа харсан мод” гэж нэрлэдэг юм.

“Олон янзын амьтан, ургамал, түүнчлэн хүмүүсийн амьдралыг тэтгэдэг эртний мод баобабын гарал үүслийг бид тогтоож чадлаа. Мөн судалгаагаар энэхүү модны ирээдүйг хамгаалахад чухал хэрэгтэй шинэ ойлголтуудыг олж авлаа” гэж Британийн Хааны Ботаникийн хүрээлэнгийн доктор Иля Лэйч тайлбарлажээ.

Тэрбээр өөрийн нөхөр, Лондон хотын Мэри Хатан Хааны Их сургуулийн профессор Эндрью Лэйчтэй хамтран уг судалгааг удирдсан юм байна

Мадагаскар арлын оршин суугчид уг модыг “ой моддын эх” гэсэн утгатай үгээр нэрлэдэг.

Баобаб мод олон мянган жил насалж, асар том хэмжээтэй болж ургадаг юм. Хуурай улирлыг даван туулахын тулд эх биедээ ус нөөцлөх суваг хоолойнуудтай байдаг.

Баобабын жимсийг “супер хүнс” гэж өргөмжилдөг бол холтосноос нь утас гаргаж, бөс даавуу үйлдвэрлэдэг юм.

Мөн шувууд үүрээ засахад хамгийн тохиромжтой мод болдог байна.

Тиймээс баобабыг тухайн бүс нутгийнхаа соёл, уламжлал, экосистемтэй гүнзгий холбоотой дэлхийн хамгийн гайхамшигтай моддын нэг гэж үздэг юм.

Дээрх судалгаанд Хятадын Уханийн Ботаникийн Хүрээлэн, Британийн Кью дэх Хааны Ботаникийн Хүрээлэн, Мадагаскарын Антананаривугийн Их сургууль, Британийн Мэри Хатан Хааны Их сургууль зэрэг байгууллагууд оролцжээ.

 

Эх сурвалж: BBC