Монголын тариаланч, тариалагчдын хэдийн мэддэг болсон Мөнх Ногоон Тал ХХК нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамгийн том “Agro Expo 2024” олон улсын үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.
Тэгвэл энэ удаад AGRO EXPO 2024 үзэсгэлэнгийн эргэн тойронд булангаараа 20 гаруй жилийн түүхтэй “Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Д.Даваанямтай ярилцлаа.
- Олон улсын үзэсгэлэн “Agro Expo 2024”-ын ач холбогдлын тухай та хэрхэн үнэлж байна?
- “Agro Expo 2024” нь хөдөө аж ахуйн салбарын олон улсын хөрш зэргэлдээ улс орнуудын сүлжээг бэхжүүлэх, мөн худалдаа ба бизнесийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх томоохон боломж гэж үзэж байна. Мөн өнгөрсөн оны 9-р сард Ехро Mongolia компанитай хамтран зохион байгуулсан “Agro Expo 2023” үзэсгэлэнгийн үр дүн, туршлага ба үүссэн сүлжээгээ улам бататгах боломж юм. Тийм учраас манай компани хоёр дахь жилдээ олон улсын энэхүү үзэсгэлэнд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа. Манайх 50 гаруй шинэлэг бүтээгдэхүүн танилцуулж, мөн манай зарим техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Хятад, Солонгосын компанийн төлөөлөл хүрэлцэн ирж, оролцох болно.
- Гадаад ба дотоодын оролцогч компани ба хувь хүмүүсийн хувьд үр өгөөжийн тухай?
- Монголын ХАА-н салбарынхны хувьд үр тариа, төмс, ногооныхоо дотоод хэрэгцээг бүрэн хангах зорилготой байдгаас гадна өөр гадаад зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй танилцаж, бүтээгдэхүүнээ экспортлох алсын зорилготой ажилладаг юм. Тиймээс энэ арга хэмжээнд олон орны төрөл бүрийн бүтээгдэхүүн ба үйлчилгээтэй танилцаж, өөрсдийн үйлдвэрлэлийн хэтийн зорилго, өнөөгийн төлөв байдлаа сайжруулах хэрэгтэй санаа сэдлүүд авах болно.
Монголын хөрсөнд ургасан тариа, ногоо, жимс жимсгэнийг худалдан авч хэрэглэх хөрш зэргэлдээ зах зээл бидний дэргэд ойрхон байгаа.
Энэ үзэсгэлэнд оролцогчдын хувьд дэлхийн зах зээлийн чиг хандлагыг үзэж танилцах, тохирсон харилцагч түншүүдтэй болно гэж найдаж байна.
- Механикжуулалтыг хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалт, мод бут үржүүлгийн ажилд нэвтрүүлсэн өөрийн туршлагаас хэлбэл...?
- Ер нь зах зээлд нэг шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд холбоо хамааралтай бусад бүтээгдэхүүнийг татаад аваад ирдэг. Тухайлбал, нийлэг хальсан хүлэмж оруулж ирэхээр тоноглол, дуслын усалгааны систем, хүлэмжийн доторх хөрс боловсруулах төхөөрөмжүүд гэх мэтчилэн хамааралтай багаж, бага оврын техникүүд цогцоороо хэрэг болж байгаа юм. Тэр бүгдийг бага үнэтэй ч юм уу, цөөхөн хэрэглэгддэг гэж үзэлгүй бүгдийг нь харилцагчдадаа зайлшгүй нийлүүлж үйлчлэх шаардлагатайг харгалзан гадаад, дотоод харилцааны чанар, уялдаа холбоог чухалчилж ирсэн.
- Танай компанийн ойрын хөгжлийн төлөвлөгөөнөөсөө танилцуулбал?
- Бид тасралтгүй хөгжил рүү тэмүүлэх, хэрэглэгчдийнхээ тариалан эрхлэлтийн онцлог, үйлдвэрлэлийн төрөл, овор хэмжээнд тохирсон шинэ техник, дэвшилтэт технологийг үргэлжлүүлэн нэвтрүүлнэ. Мөн үндсэн үйл ажиллагаан дээрээ “Lovol” трактор, “Star” төмсний төгс иж бүрдэл, хүнсний ногоо тарих, үрлэх, хураах техник, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгч, найдвартай дилер болж өрсөлдөхүйц үнэ, үйлчилгээг тариалагчдад санал болгох тэмүүлэлтэй ажиллаж байна.
- Танай компани 20 жилийн ойгоо өнгөрсөн жил тэмдэглэсэн, энэ хүртэлх хугацааг товч дүгнэвэл?
- Хорин хэдэн жилийн өмнө энэ бизнес рүү орохдоо бид хэрэгцээт шинэ, дэвшилтэт бүхнийг Монголдоо нэвтрүүлэх хүсэл зорилго, тэмүүллээ эхэнд тавьсан. Одоо ч бид бизнестээ энэ философи, зарчмаа барьж байна.
Тэр үед нарийн ногоо тариалах хүлэмж олдохгүй үед цөөхөн хүмүүс модыг гараараа матаад, сантехникийн трубаг махийлгаад гар хүлэмж хийж байсан. Эхний хэрэглэгчид маань ШУ-ны Академийн дэргэдэх Ботаник болон Геоэкологийн хүрээлэн, мөн ХХААЯ-ны “Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төв” гээд голдуу судалгааны байгууллагуудын удирдлага, судлаачид шинэлэг бүтээгдэхүүнийг цаг алдалгүй туршин үзсэн. Өнөөдрийн байдлаар хүлэмж маань Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт түгэн дэлгэрээд байна.
- Танайх өнгөрсөн хугацаанд төр засгаас бодлогоор хэрэгжүүлсэн олон хөтөлбөрт оролцжээ. “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” зэрэг хөдөлгөөнд ямар оролцоотой байна?
- “Тэрбум мод” хөтөлбөрөөрөө монголчууд бид дэлхийн улс орнууд, хүн төрөлхтний өмнө маш том амлалт үүрэг өгсөн. Тэгэхээр бид энэ хөтөлбөрөө Монгол орныхоо уур амьсгал, хөрсний нөхцөлд уялдуулан үе шаттай, заавал амжилттай хэрэгжүүлэх ёстой. Манай компани ус ба эрчим хүчний хэмнэлт ба эдийн засгийн өгөөжтэй, хөдөлмөр хөнгөвчилсөн усалгааны системийг суурилуулах, сургах, үйлдвэрийн үнээр санал болгон ажиллаж байна.
Мөн “Хүнсний хувьсгал” үе шаттай, эрчтэй явагдаж байгаа нь дэлхий нийтийн хүнсний тогтвортой үйлдвэрлэл ба ханган нийлүүлэлтийн сүлжээ, хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулж байгаатай төгс нийцээд зогсохгүй үндэсний тариаланч, үйлдвэрлэгчдэд түлхэц, дэмжлэг болж буй нь сайшаалтай байна.
Энэ удаагийн “Agro Expo 2024” нь орчин цагийн тариаланч, фермерүүдийн сүүлийн үеийн техник, технологийг ашиглаж, арвин ургац авах замаар эрүүл, аюулгүй хүнс тариалах эрхэм зорилгыг биелүүлэхэд түлхэц болно гэдэгт би маш их итгэлтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!