Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сураггүй болсон хоёр уулчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн ноён оргил Эверестэд авирхаар явсан гурван уулчны хоёр нь холбоо тасарсан талаар Монголын Уулчдын Үндэсний холбооноос өчигдөр мэдээлсэн. 

Тодруулбал Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар хамгийн сүүлд дөрөвдүгээр кэмпэд байхдаа буюу энэ сарын 12-ны оройн 19:30 цагийн орчимд холбоо тогтоосноос хойш сураггүй болоод буй юм. Тэд өнгөрсөн Даваа гарагт буцаж ирэх ёстой байсан ч холбоо тогтоогоогүй тул албаныхан эрлийн баг гарган хайж эхлээд байна.

Аяллыг зохион байгуулагч "8K Expeditions" компаниас туршлагатай хөтөч болох Аржун Карки, Лангка Рам Таманг нарыг эрлийн багт томилсон юм. Дөрөвдүгээр кэмп нь далайн түвшнээс дээш 7,950 метрт байрладаг. Энэ бүсэд нисдэг тэргээр хайгуул хийх боломжгүй тул зөвхөн явган хөтөч нарыг ашигладаг аж.

зураг
 
BBC

"8K Expeditions" компанийн захирал Пемба Шерпагийн Монголын талд ирүүлсэн захидалдаа тавдугаар сарын 13-ны өглөө 08:30 цагийн орчимд оргилд гараад буцаж явсан өөр уулчдын баг 8,600 метрийн өндөрт тэднийг оргил руу өгсөж байгааг харсан байна. Тэгэхээр манай хоёр уулчныг 8,600-гаас 8,848 метрийн өндөрт байна гэж таамаглаж буй юм. 

Мөн тухайн өдрийн орой өөр агентлагийн баг оргил руу авирсан боловч цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан 8,400 метрийн өндрөөс буцжээ. Тэд өгсөж, буцах замдаа манай уулчдыг хараагүй байна. 

Эрэн хайх ажиллагаатай холбоотойгоор Монголын Уулчдын Үндэсний Холбооны дэд ерөнхийлөгч, "Эверест - 2023" багийн ахлагч С.Ганхүү Балба улсын Катманду хотод алхалтын багтай очиж манай хоёр уулчны үйлчилгээ авч байсан "8K Expeditions" компанитай холбогдож хамтран ажиллаж байгааг холбооныхон мэдээлжээ.

Цаг агаар эрс муудсан, мөн хоёр уулчин алга болсон тул бүх уулчныг дөрөвдүгээр кэмпээс буулгасан байна. 

 1953 оноос хойш Эверестийн оргилд 6,664 хүн гарч байв

Албаны эх сурвалжаас үзэхэд 1953 оноос хойш 2023 оныг дуустал давхардсан тоогоор 11,966 удаа Эверестийн оргилд гарчээ. Нийт 6,664 хүн оргилд нь хөл тавьж байв. Өнгөрсөн онд 668 уулчин оргил руу мацаж 18 хүн нас барсан харамсалтай баримт бий. 

2014 онд цасан нурангиас болж 16 хөтөч нэг дор амиа алдсанаар дахин аялагч хүлээн аваагүй бол дараа жил нь газар хөдлөлтийн улмаас ууланд авирахыг хориглосон билээ.

Энэ жилийн хувьд Балба талаас ууланд авирах хүсэлтэй 900 гаруй зөвшөөрөл олгосноос 414 нь Эверестийн оргилд авирах зорилготой байв.