Америкийн домогт дуучин, хөгжмийн зохиолч Стиви Уандер албан ёсоор Гана улсын иргэн болжээ.
Даваа гарагт 74 насныхаа төрсөн өдөр тэр баруун Африкийн Гана улсын ерөнхийлөгчөөс батламжаа хүлээж авсан байна.
Ганын ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо өөрийн ордонд иргэний батламжийг нь нэрт дуучинд гардуулахдаа мөн өөрийн улсын үндэсний далбаатай бялуу бэлэглэжээ.
АНУ-ын Мичиган мужид төрж өссөн Стиви Уандер олон жилийн өмнөөс Ганад элэгтэй нэгэн байсан юм.
Бүр 1975 онд тэр хөгжмийн ертөнцөөс зодог тайлж, Ганад очиж амьдрах мөрөөдөлтэй явдгаа ярьж байжээ.
Уандер өөрийн өвөг дээдсийг Ганаас гаралтай гэж үздэг юм.
1990-ээд оны үед Ганын хөгжмийн наадамд оролцохдоо тэр энэ мөрөөдлөө дахин нийтэд дэлгэж байжээ.
Бас нэг ярилцлагадаа Уандер АНУ дахь арьс өнгөөр ялгаварлах үзлийн дарамтаас зугтаж, Ганад амьдрах хүсэлтэйгээ илэрхийлж байв.
АНУ-ын хар арьст иргэдийн ихэнх нь баруун Африк, тэр дундаа өнөөдрийн Гана улсын нутгаас колоничлолын үед очсон боолуудын үр удам байдаг.
Олон жилийн турш Америкийн хар арьстнууд Ганыг “Хар Мекка” буюу өөрсдийн ариун газар шороо гэж үзсээр ирсэн юм.
Тухайлбал зохиолч В Э Б Ду Боис энэ улсад нүүн амьдарч байгаад 1963 онд нас барж байв.
Мартин Лютер Кинг, Мальколм Икс, Мухаммад Али зэрэг алдартнууд Гана улсад сүр дуулиантай айлчилж байлаа.
2001 онд Гана улс өөрийн нутгаас гаралтай гадаадын иргэдэд оршин суух эрх олгодог Африкийн анхны улс болсон юм.
Тэр үеэс хойш гадаад орнуудын Африк гаралтай иргэд Ганад визгүйгээр амьдрах, ажиллах боломжтой болж байжээ.
2019 оныг Ганын эрх баригчид “Буцаж ирэх жил” болгон зарлаж, Африк гаралтай гадаадын иргэдийг нутагшуулах хөтөлбөр хэрэгжүүлж байв.
Энэ хөтөлбөрийн үр дүнд 300 гаруй хүн Ганын иргэн болсон гэдэг.
Стиви Уандер иргэний батламж гардаж авахдаа Ганын хүн амын 38 хувийг бүрдүүлдэг залуу үеийнхнийг ажлын байртай болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээ амлажээ.
“Хүн төрөлхтний хамгийн залуу үе Африкт байдаг. Тэдний аугаа хүч чадлыг хэрхэн гэрэлтүүлэх талаар бид бодож эхлэх хэрэгтэй” гэж Уандер хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!