Уншиж байна ...

ОХУ-д саатуулагдсан Америк цэрэг Сөүл хотод танилцсан эмэгтэйн гэрт зочлохоор Владивостокт очжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост алба хааж байсан АНУ-ын цэрэг ОХУ-ын Владивосток хотод хулгайн хэргээр саатуулагдсан тухай Даваа гарагт албаны эх сурвалжууд мэдээлсэн билээ.

Өмнөд Солонгосын цэргийн баазад түр хугацаагаар томилогдсон түрүүч Гордон Блэк нутаг буцахын өмнө зөвшөөрөлгүйгээр буюу хувийн зорилгоор Хятадаар дамжин Владивостокт очсон нь тодорхой болсныг АНУ-ын зэвсэгт хүчин өчигдөр мэдээлжээ.

2008 оноос цэргийн алба хааж эхэлсэн тэрбээр өмнө нь Ирак, Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан юм байна.

“АНУ-ын эх газарт буцахын оронд Блэк хувийн зорилгоор Инчоноос Хятадаар дамжин ОХУ-ын Владивосток хотод очсон байна” гэж дээрх мэдэгдэлд өгүүлжээ.

ОХУ-ын дотоод хэргийн яамны Владивосток дахь салбараас мэдээлэхдээ 32 настай эмэгтэй Блэкийн эсрэг гомдол гаргасны дагуу баривчилсан байна.

Сөүлд танилцсаны дараа Блэк эмэгтэйг даган Владивосток дахь гэрт нь очжээ. Гэтэл тэдний хооронд маргаан гарч, эмэгтэй мөнгийг нь хулгайлсанд Блэкийг буруутгасан гэнэ.

Гэртээ буцах тасалбар худалдан аваад байсан Блэкийг орон нутгийн зочид буудлаас баривчилжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яам уг хэргийг улс төрийн болон тагнуулын үйл ажиллагаатай холбоогүй гэж тайлбарласан байна.

34 настай Гордон Блэк одоо Владивосток хотын урьдчилан саатуулагдах төвд шүүхийн шийдвэр гарах хүртэл хоригдож байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters