Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсын эрэгтэй шигшээ баг Израилийг хожиж, олимпын эрхийн төлөө өнөө шөнө тоглоно

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр олимпын эрхийн олгох гурав дахь тэмцээн Унгарт зохион байгуулагдаж байна. Манай улсын эмэгтэй шигшээ баг хэсгийн шатнаас хасагдаж, тэмцээнээ үргэлжлүүлэх эрхгүй болсон.

Тэгвэл эрэгтэй шигшээ баг хэсгээ тэргүүлсэн бөгөөд хасагдах шатны эхний тоглолтоо Израилийн багийн эсрэг өнөөдөр хийлээ. Хоёр багийн тоглолтын сүүлийн минутад манай багийн тоглогч А.Ананд спортын бус алдаа гаргасан гэх үндэслэлээр талбайгаас гарсан. 

Гэхдээ О.Энхбаатар хоёр удаагийн торгуулийн шидэлтээ амжилттай болгож онооны харьцааг 14:9 болгосон. Улмаар Израилчууд торгуулийн хоёр шидэлтээ алдсан нь манай багт том давуу тал болсон юм. 

Талбай дээр гурван тамирчинтай үлдсэн ч гэсэн манай улсын шигшээ баг өрсөлдөгчөө 15:12 онооны харьцаатай хожлоо. Ингэснээр Герман, Францын аль хожсонтой нь олимпын эрхийн төлөө өнөө шөнө 01:55 цагаас тоглох хуваарьтай байна.