Уншиж байна ...

Путин, Лукашенко нар Оросын сүмд уулзжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өөрийн холбоотон Путинтэй уулзахаар ОХУ-д хүрэлцэн очжээ.

Сүүлийн нэг сар орчим хугацаанд Өрнөдтэй харилцаагаа зөөлрүүлэх хэд хэдэн алхмыг Лукашенко хийгээд байгаа.

Тухайлбал тэр энэ сарын эхээр улс төрийн таван хоригдлыг шоронгоос суллаж, Украинтай залгаа хилээсээ цэргийн зарим хүчийг буцаан татаж, Европын 35 орны иргэдэд 90 хоног визгүй зорчих боломж олгосон юм.

Энэ бүх арга хэмжээний дараа тэр Путинтэй уулзаж байгаа нь анхаарал татаж байна.

Тэд Оросын умард хязгаарын Карель мужийн нутагт оршдог үнэн алдартны шашны Валаамын сүмд уулзахаар болзсоныг хэвлэлүүд мэдээлжээ.

Кремлийн хэвлэлийн албанаас тараасан дүрс бичлэгт Лукашенког ирэхээс өмнө Путин сүмийн санваартнуудтай ярилцаж байгааг харуулсан байна.

Путин, Лукашенко нарыг уг сүмд ирэхэд санваартнууд “эх орныхоо төлөө амиа зориулсан цэрэг эрсийн араас мөргөл үйлдсэн” тухай ОХУ-ын батлан хамгаалах яамны харьяа Звезда телевизийн суваг мэдээлжээ.

Тэд "тэд хоёр улсын хамтын ажиллагаа, хамтарсан төслүүд, бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн" тухай Беларусийн БелТА агентлаг мэдээлсэн байна.

Орос, Беларусийн ерөнхийлөгч нар өмнө нь 2019 оны долдугаар сард, 2023 оны долдугаар сард тус тус Валаамын сүмд зочилж байсныг эх сурвалжууд баталжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times