Уншиж байна ...

ПАРИС 2024: Японы гимнастикийн багийн ахлагч архи ууж, тамхи татсан тул хөөгджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Японы олимпын гимнастикийн шигшээ баг "Парис 2024" тэмцээнийг багийн ахлагчгүйгээр үргэлжлүүлэх болжээ. 

Учир нь тус улсын шигшээ багийн ахлагч Шоко Мияата шигшээ багийн дүрэм зөрчсөн тул багаасаа хөөгдөв. Өнгөрсөн долоо хоногт Японы гимнастикийн холбоо энэ талаар хэвлэлийн бага хурал хийхдээ олонд зарласан юм. Ингэхдээ багийн ахлагч Ш.Мияатаг ирэх олимпод оролцох боломжгүй болсон талаар мэдээлэл хийсэн билээ.

Багийн дотоод дүрэм зөрчсөн Ш.Мияатаг архи ууж, тамхи татсан болохыг баримтаар тогтоосон тул олимпод оролцохгүй гэв. Учир нь Японы хуулиар 20 нас хүрч байж архи, тамхи хэрэглэхийг зөвшөөрдөг. Харин хэргийн эзэн япон бүсгүй 19 настай аж.

Ш.Мияатаг хоёр ч удаа дүрэм зөрчсөн болохыг Японы гимнастикийн холбоо илрүүлжээ. Тодруулбал түүнийг Токио дахь гэртээ болон шигшээ багийн тамирчдын хотхонд байхдаа дүрэм зөрчсөн болохыг тогтоосон байна.

Олны хэл амнаас айсан Ш.Мияата өнгөрсөн Даваа гарагаас хойш instagram хуудсаа идэвхгүй болгосон аж.

Дүрэм зөрчөөд олимпыг өнжихөөр болж буй тохиолдол үүгээр ч зогсоогүй. Хоёр хоногийн өмнө Их Британийн тамирчин Чарлотт Дюжардин морьтойгоо зүй бусаар харилцсан нь ил болсноор зургаан сар эрхээ хасуулжээ. Тодруулбал олимпын гурав, дэлхийн хошой аварга британи бүсгүй дөрвөн жилийн өмнө бэлтгэлийнхээ үеэр морио 24 удаа шавхуурдсан бичлэгийг нь саяхан ил болгосноор Францыг зорих хүсэл нь талаар болсон юм.

 

Эх сурвалж: New York Times