Уншиж байна ...

ИНФОГРАФИК: Олимпын нээлтийг чимэх орон орны тугчидтай ТАНИЛЦ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 26
IKON.MN
Зураг зураг

"Парис 2024" олимпын нээлтийн үйл ажиллагаа Улаанбаатарын цагаар 26-наас 27-нд шилжих шөнө буюу 01:30 цагаас болно.

Олимпын нээлтийн үеэр олны анхаарлыг татдаг үйл явдал бол тамирчдын парад. Баг бүр медаль хүртэх боломжтой, шилдэг тамирчдаараа тугчаар сонгодог. Энэ удаагийн Монголын багийн тугчаар марафонч Б.Сэр-Од, боксчин О.Есүгэн нар тодорсон билээ.

Жагсаалд оролцох дийлэнх улс эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчныг тугчаар сонгожээ. Белиз, Гвиней-Биссау, Ирак, Лихтенштейн, Науру, Сент-Люси, Сомалиа, Йемен улс эмэгтэй тугчгүй бол Соломоны арлууд эрэгтэй тугчгүй нээлтийн ёслолд оролцох аж.

Тугчаар сонгогдсон тамирчдын спортын төрлүүд:

  • Хөнгөн атлетик - 101, 
  • усанд сэлэлт 70,
  • жүдо 37,
  • бокс 18,  
  • дугуй 16,
  • дарвуулт завь 13,
  • таеквондо 12, 
  • каноэ завь 11,
  • хүндийн өргөлт 10 тамирчин улсынхаа далбааг залах юм.

Сагсан бөмбөгийн төрлөөр дөрвөн тамирчин тугчаар сонгогдсон. Тэдний гурав нь NBA-гийн төлөөлөгч юм. Тодруулбал америкчууд түүхэндээ анх удаа сагсан бөмбөгийн тамирчныг тугчаар тодруулсан билээ. Энэ удаагийн олимпод хамгийн олон тамирчин илгээж буй "Сэм авгынхан" олимпод очсон тамирчдынхаа саналаар тугчаа тодруулдаг уламжлалтай. 

Үүний дагуу санал асуулга явуулахад Леброн Жэймс хамгийн их санал авчээ. Мөн Грекийн шигшээ багийн лидер Яннис Антекоунмпо болон Германы шигшээгийн ахлагч Деннис Шрёдер нар тугч болсон юм. 

Талбайн теннисчдээс дөрвөн тамирчин нэрлэгдсэн. Америкчууд эмэгтэй тугчаар Их Дуулгын аварга Коко Гауфыг сонгосон нь тус улсын түүхэнд анхны тохиолдол болов. Украины тугчаар Элина Свитолина, Чилийг Николас Жэрри, Монтенегрог Данка Ковинич нар төлөөлнө.

(Төрлүүд дээр дарж дэлгэрэнгүй харах боломжтой)