Уншиж байна ...

Хөл алдаж живсэн нэгийгээ аврахаар ус руу ороод гурвуулаа энджээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 7 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 88 иргэн голын усанд эндэж амь насаа алдсаны 20 нь бага насны хүүхэд байжээ.

Гол, усанд живэх аюулаас сэрэмжлүүлэх зорилгоор дараах мэдээллийг эмнэлэг, онцгой байдлын байгууллагаас хүргэж байна. 

/Доорх видеог 2024 оны долдугаар сарын 24-ний байдлаар бэлтгэсэн бөгөөд энэ үед усанд эндсэн хүний тоо 80 байсан. Харин түүнээс хойш буюу хоёр хоногийн хугацаанд живж амиа алдсан хүний тоо 8-аар нэмэгджээ/

Нийслэлийн онцгой байдлын аврах ангийн аврагч, ахлагч О.Ангараг “Бага насны хүүхэд бөмбөгөөр тоглож байгаад усанд алдаад хойноос нь гол руу орсныг эцэг эх нь мэдээгүй тохиолдол байдаг.

Бид саяхан зургаан настай хүүхдийг живж байхад нь аварсан. Гэтэл ар гэрийнхэн нь живж байгааг нь мэдээгүй байсан. 

Ер нь хүний уушги усаар дүүрснээс хойш 3-5 минутын дотор уснаас гаргахгүй бол найдваргүй гэж үздэг. Мөн живж байгаа хүний араас аврах гэж ус руу ороод өөрсдийгөө давхар эрсдэлд оруулдаг. Тэр бол маш буруу. Хамгийн сүүлд гэхэд Баян-Өлгий аймагт живсэн нэгийгээ аврахаар нэг гэр бүлийн дөрвөн хүн араас нь ороод нийтдээ тавуулаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан" гэлээ. 

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч Т.Оюунбаяр “Усанд осолдсон хүнийг уснаас гаргаж ирсний дараа тухайн хүн ухаантай байгаа эсэхийг үнэлэх хэрэгтэй. Энгийн командаар нүдийг нь нээлгэж, гарнаас нь атгах, мөрнөөс нь сэгсрэх зэргээр дуудна. Ямар нэгэн хариу үзүүлэхгүй бол тухайн хүний амьсгал, зүрх зогссон гэж үзээд мэргэжлийн тусламжийн багийг дуудах шаардлагатай" гэдэг зөвлөгөөг өглөө. 

Хамгийн сүүлд буюу долдугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл нуурт 45 настай эрэгтэй усанд хөл алдаж унахад 24, 35 настай хоёр эрэгтэй аврахаар ус руу орж живж нас барсан харамсалтай явдал бүртгэгдсэн байна. Иймд:

  • Гол, ус, нуурын дэргэд бага насны хүүхдийг хүүхдээр бүү харуул,
  • Согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэ,
  • Голын дагуу нутаглаж буй айлууд хүүхдэдээ анхаарал тавьж, хяналтаа сайжруул гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.