Уншиж байна ...

Г.Нарантуяа: Хүний ял шийтгэлийг олон нийтэд дэлгэж буй асуудлыг таслан зогсоох ёстой

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаад Гуравдугаар эмнэлэгт хүргэгдэж, улмаар амь насаа алдсан иргэнд холбогдох асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр эрүү шүүлт болон хувь хүний нууцтай холбоотой асуудлаар ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр "ХЭҮК тухайн хэрэгт шуурхай ажиллагаа явуулсан. Энэ мэдээлэл долдугаар сарын 23-ны өдрийн 19:00 цагийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж, маргааш өглөөнөөс нь ХЭҮК-ын шалгалт эхэлсэн. 

ХЭҮК тухайлсан хэрэгт хөндлөнгийн хяналт тавьж, хохирогч ямар учир шалтгаанаар амь насаа алдсан, эрүү шүүлт, төрийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа байсан уу гэдгийг тогтоохын зэрэгцээгээр цаашид ийм эмгэнэлт нөхцөл байдал үүсэхгүй байх арга хэмжээг авахад байр сууриа хүчтэй илтгэдэг. 

Гэмт хэргийг цагдаа, АТГ, тагнуулын байгууллага тойргоор шалгаж байгаа нь үр дүнтэй тогтолцоо болж чадахгүй байна гэсэн асуудлыг байнга ярьж ирсэн.

Гэмт хэргийн хор уршиг, эрүү шүүлт, хэрцгий хүнлэг бус, хүний нэр төрийг доромжилсон үйлдлийн учир холбогдлыг хуулийн байгууллагын ажилтнууд сайн мэдэхгүй байна. 

Олон нийтийг цочроосон эмгэнэлт үйл явдлыг мэдээлэхдээ хүний эмзэг буюу ял шийтгэлийг мэдээлэх, тэнцвэртэй хүргэх талаар холбогдох байгууллагууд анхаарах шаардлагатай. 

Хүний эмзэг мэдээллийг олон нийтэд дэлгэж буй асуудлыг бид таслан зогсоож, тодорхой дүрэм журам үйлчлэх ёстой. Журмыг бий болгох, ёс зүйн горимыг ажиллуулах тал дээр ХЭҮК идэвхтэй үйл ажиллагаа явуулна" хэмээн ярилаа.