Уншиж байна ...

ПАРИС 2024: С.Жамбалжамц хоёр төрөлд уралдахаар боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 26
IKON.MN
Зураг зураг

"Парис 2024" олимпын дугуйн төрөлд манайхаас хоёр эрх авсан билээ. Монголын дугуйн холбооны мэдээлснээр энэ хоёр эрхээр С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр нар оролцоно гэсэн боловч Олон Улсын Дугуйн Холбоо (UCI)-ны баталгаажуулснаар уг хоёр төрөлд С.Жамбалжамц уралдах болжээ.

Өчигдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагт ганцаарчилсан төрлийн Техникийн зөвлөлийн хурал болж, албан ёсоор оролцох тамирчдыг баталгаажууллаа. Энэ төрөлд нийт 34 дугуйчин уралдана. Ази тивээс Казахстаны дугуйчин Евгений Федоров, Монголын С.Жамбалжамц нарыг уралдахаар болсныг зарлав.

Энэ төрөлд манай улсаас дугуйчин Б.Тэгшбаяр оролцохоор Парисыг зорьсон ч харамсалтай нь UCI-ийн шийдвэрээр өөрчлөгджээ.

Шар тивээс 10 гаруй орон олимпын эрх авснаас Казахстан, Монгол, Японд хоёр зайд уралдах эрх нэмж олгосон юм.

Олимпын ганцаарчилсан төрлийн цуваа гараа маргааш буюу энэ сарын 27-нд Улаанбаатарын цагаар 22:30-д эхэлнэ.

Манай тамирчин С.Жамбалжамц наймдугаар сарын 3-нд бөөн гараатай уралдаанд мөн хурд сорих билээ.

Харин Б.Тэгшбаярын хувьд багийн бэлтгэл хангагчаар оролцоно. 

Монголын дугуйчид 1996 оноос хойш анх удаа олимпод оролцож буй. Ингэхдээ олимпын эрхээ авч оролцож буй эхний тохиолдол юм.

Ингэснээр манай улс "Парис 2024" олимпод есөн спортын төрлөөр 32 тамирчинтай оролцох боллоо.