Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сүнжид: Эрүү шүүлт тулгасан асуудлаар нэгдүгээр сард гомдол гаргасныг АТГ хянан шийдвэрлэж дуусаагүй байгаа гэсэн

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаад Гуравдугаар эмнэлэгт хүргэгдэж, улмаар амь насаа алдсан иргэнд холбогдох асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид "Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь ХЭҮК-ын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. 

ХЭҮК төрийн байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийн хүрээнд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурор, эмнэлгийн байгууллага, ар гэр өмгөөлөгчөөс нь тодорхой мэдээлэл авч, баримт материал цуглуулаад хяналт тавиад явж байна. 

Хүний амь хохирсон хэрэгт Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс хяналт тавьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөн тус дүүргийн прокурорын хэлтсээс хяналт тавин ажиллаж байна. Одоогоор шүүх шинжилгээний дүгнэлтийг хүлээж байгаа юм. 

Эрүү шүүлт тулгасан асуудлаар нэгдүгээр сард гомдол гаргасан. Үүнийг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас хянан шийдвэрлэж дуусаагүй, ажиллагаанд байгаа гэдэг мэдээлэл өгсөн. 

Энэ асуудлыг яаралтай хянан шийдвэрлэж дуусах ёстой. Процессын хугацааг анхаарах, гэм бурууг нь хуулийн дагуу тогтоох ёстой гэсэн байр суурийг байгаа. 

ХЭҮК эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлохын эсрэг хатуу байр суурь илэрхийлсээр ирсэн. Хэний ч амь нас төрийн байгууллагын албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хохирох ёсгүй. 

Ийм үйл явдал байвал хариуцлагыг хуулийн дагуу зохих ёсоор буруутай этгээд нь хүлээх ёстой. Цаашид энэ үйл ажиллагааг холбогдох байгууллагууд нь нийтэд ил тод мэдээлж байхыг шаардана" гэв.