Уншиж байна ...

Мексикийн Синалоа картелын боссыг АНУ-ын Техас мужийн нутаг дэвсгэрээс баривчиллаа

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас Замбада, Лопез нар

Хар тамхины дэлхийн хамгийн том бүлэглэлүүдийн нэг болох Мексикийн Синалоа картелын тэргүүн “Эль Майо” хочит Измаэл Замбадаг дөнгөж сая АНУ-ын Техас мужийн Эль Пасо хотод баривчилжээ.

76 настай Замбада нь уг картелыг одоо АНУ-ын шоронд хоригдож буй “Эль Чапо” хочит Хоакин Гузмантай хамтран байгуулж байсан юм.

Замбадатай цуг Гузманы хүү Хоакин Гузман Лопезыг баривчилсан тухай АНУ-ын хууль зүйн яам мэдээлжээ.

Энэ оны хоёрдугаар сард АНУ-ын прокурорууд хероиноос илүү хүчтэй мансууруулах үйлчилгээтэй фентанилыг үйлдвэрлэж, түгээх үйл ажиллагаанд оролцсоны төлөө Замбадад ял төлөвлөж байсан юм.

“Хууль зүйн яамнаас гаргасан АНУ-д ял эдлэх ёстой Синалоа картелын толгойлогчдын жагсаалтад Эль Майо, Гузман Лопез нар нэмэгдэж байна” гэж АНУ-ын ерөнхий прокурор Мэррик Гарланд мэдэгджээ.

“Фентанил бол манай орны түүхэнд хамгийн их үхэл дагуулсан хар тамхины аюул бөгөөд Хууль Зүйн яам манай ард иргэдийг хордуулж буй картелын толгойлогчид, гишүүд, холбоотнууд нэг бүрд хариуцлага тооцох хүртлээ санаа амар суухгүй” гэж тэр цааш нь хэлсэн байна.

Фентанил төрлийн мансууруулах бодисын АНУ-ын хамгийн том нийлүүлэгч нь Синалоа ажээ.

АНУ-ын Хар Тамхитай Тэмцэх Газар (DEA) Замбадаг баривчлахад тусалбал $15 сая хүртэл мөнгөн шагнал олгох амлалтыг зарлаж байсан юм.

2019 онд Гузманыг шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч Жефри Лихтман “Үнэндээ тэр ямар ч эрх мэдэлгүй. Бүгдийг Майо Замбада хийдэг” гэж шүүгчдэд хэлж байжээ.

Замбада нь бас Мексикт хэд хэдэн хууль ёсны бизнес эзэмшдэг юм байна. Тухайлбал түүний мэдэлд сүүний томоохон үйлдвэр, автобусны компани, зочид буудал байдаг тухай АНУ-ын төрийн департаментын мэдээлэлд байдаг.

Замбада фентанилтай холбоотой шийтгэлээс гадна хар тамхины худалдаа, аллага, барьцаалалт, мөнгө угаалт зэрэг хэрэгт ял сонсох төлөвтэй байна.

18-45 насны Америкчуудын үхлийн хамгийн том шалтгаан фентанил болсон гэж албаныхан үздэг.

АНУ-ын эрх баригчдын эрэн сурвалжилж байсан Замбадагийн зээ “Чэйо Антракс” хочит Элизео Империал Кастро энэ оны тавдугаар сард Мексикт болсон буудалцааны үеэр алагдсан юм.

Замбадаг дэлхийн хамгийн том хар тамхины гэмт хэрэгтэн гэж үздэг.

Тэрбээр олон арван жилийн турш хууль хүчнийхэнд баригдалгүй явж ирсэн юм.

Хоёр гэмт хэрэгтнийг хэрхэн илрүүлж баривчилсан талаар мэдээлэл хомс байна. Ямартай ч тэд Мексикээс АНУ-д зугтаж ирсэн байх магадлалтай байгаа юм.

1980-аад оны сүүлээр Гуадалахарагийн картел задарсны дараа Замбада, Гузман нар Синалоаг байгуулж байжээ.

Замбада бас Колумбын картелуудын кокаин, хероиныг АНУ-ын зах зээлд нэвтрүүлэх ажлыг хамгийн анх зохион байгуулж байсан юм.

Сүүлийн үед тэр фентанилаар дагнах болжээ.

 

Эх сурвалж: BBC