Уншиж байна ...

"Талийгаачийг эмнэлгийн тусламж авч байх хугацаанд 50 минутын турш гав хэрэглэсэн гэх тайлбарыг алба хаагч нар өгсөн"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаад Гуравдугаар эмнэлэгт хүргэгдэж, улмаар амь насаа алдсан иргэнд холбогдох асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр ХЭҮК-ын явуулсан ажиллагааны талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "ХЭҮК-ын зүгээс энэхүү харамсалтай мэдээ цацагдсанаас хойш ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хүрээнд долдугаар сарын 24-өөс цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурор, эмнэлгийн байгууллага, ар гэр өмгөөлөгчөөс нь тодорхой мэдээлэл авч, баримт материал цуглуулаад хяналт тавиад явж байна. 

Долдугаар сарын 25-нд Цагдан хорих 461 дүгээр ангид хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, баримт бичиг, хяналтын камерын бичлэгт үзлэг шалгалт хийсэн. 

Талийгаач энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд шүүхийн зөвшөөрөлгүй, прокурорын зөвшөөрөлтэйгөөр баривчлагдсан. Ийнхүү дөрөвдүгээр сарын 25-аас эхэлж, гурав дахь удаагаа шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байсан. 

Тухайн иргэн долдугаар сарын 11-нд хэвлийгээр өвдөж байна гэх өгүүлэмжтэйгээр 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хандсан байдаг. Ийнхүү ангийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж, долдугаар сарын 13-нд хорих байр руу шилжсэн. 

Камерын бичлэгт үзлэг шалгалт хийхэд долдугаар сарын 22-ны өдрийн 16:30 цагийн орчимд тухайн иргэн хорих өрөөний 00-д бие засаж байхдаа уналт өгч буй нь авагдсан. 

Анхны тусламжийг тухайн өрөөнд хамт хоригдож байсан иргэний зүгээс үзүүлж, нэг минут 20 секундийн дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч хорих өрөөнд орж анхны тусламжийг үргэлжлүүлэн үзүүлж буй дүр зураг байгаа юм. 

17:02 цагт яаралтай түргэн тусламжийн 103-т дуудлага өгч, 17:25 цагт яаралтай тусламжийн эмч хорих байранд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. 

18:23 цагт тухайн иргэний Улсын гуравдугаар эмнэлэгт хүргэсэн байна. Энэ цагаас хойш нийт 23 цаг 37 минутын туршид эмчилгээ, үйлчилгээ хийсэн боловч тухайн иргэн харамсалтайгаар амь насаа алдсан. 

Шалгах ажиллагааны хүрээнд тухайн иргэнийг хуяглан хүргэлтээр ШШГЕГ-аас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэсэн. Эмчилгээний туршид хянаж байсан шүүхийн шийдвэрийн хоёр ажилтан, алба хаагч байгаа. 

Талийгаачийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх хугацаанд нь 50 минутын туршид гав хэрэглэсэн гэх тайлбарыг алба хаагчид өгсөн. Үүнийг тухайн иргэн өөрийн амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөлд байсан учраас гав хэрэглэсэн гэсэн" хэмээн ярив.