"Сурах бичгийн эх зохиоход нэг баг 1-5 дугаар ангийнхыг цогцоор нь боловсруулах тул анги хоорондын залгамж сайжирна"
Монгол Улсын Боловсролын сайдын тушаалаар сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийг 254 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар баталжээ.
Энэхүү баг нь удирдлага, зохион байгуулалтын баг, сургалтын хөтөлбөр боловсруулах баг, сурах бичиг боловсруулах баг, сургалтын хөтөлбөр, сурах бичгийг хянах баг зэрэг дэд багуудаас бүрдэх юм.
Эдгээр баг нь сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулах, хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоог хангах зарчимд үндэслэн
- Боловсролын яамны харьяа мэргэжлийн байгууллага (30%),
- их, дээд сургууль (19%),
- ерөнхий боловсролын сургууль (25%),
- сургуулийн өмнөх боловсролын байгууллага (8%),
- хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага (13% хувь),
- олон улсын байгууллага (2%),
- хувь судлаачид (3%)-ын төлөөллөөс бүрдүүлнэ.
Түүнчлэн багийн бүрэлдэхүүний 17% доктор, 53% магистр, 30% нь бакалавр зэрэгтэй байна.
Цаашид суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэн боловсруулах багийг байгуулж, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг залгамж холбоотой, үе шаттайгаар шинэчлэх, нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

