Уншиж байна ...

Майкрософт хөдөлгөөнгүй зургийг хөдөлгөөнтэй дүрс болгодог AI загвараа танилцуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Майкрософт компанийн мэргэжилтнүүд өөрийн хөгжүүлж буй хөдөлгөөнгүй дүрсийг яриулж, дуулуулдаг хиймэл оюуны загвараа нийтэд үзүүлжээ.

Уг загвар нь фото зургаас гадна зурмал зургийг ч аудио бичлэгтэй нийлүүлэн хөдөлгөөнд оруулах чадвартай юм байна.

VASA-1 нэртэй уг загварыг танилцуулахдаа Мона Лизаг рэп дуулуулж үзүүлжээ.

Майкрософт шинэ загвараа “харилцааны бэрхшээлтэй хүмүүсийн хүртээмжийг сайжруулах” болон хүмүүст зориулсан виртуал хамтрагчийг бий болгоход ашиглах боломжтой гэж тайлбарласан байна.

Гэхдээ нөгөө талаас хуурамч видео бүтээж, буруу зорилгоор ашиглах боломж санаа зовоох хэмжээнд хүрснийг харуулжээ.

Майкрософт одоогоор VASA-1 загвараа нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөгүй байгаа гэнэ.

“Бид бодит хүмүүсээр төөрөгдүүлсэн, хор хөнөөлтэй контент үүсгэх аливаа үйлдлийг эсэргүүцдэг. Уг технологийг хариуцлагатай, зохих журмын дагуу ашиглахад итгэлтэй болох хүртлээ олон нийтэд гаргах төлөвлөгөөгүй байна” гэж тус компанийн мэдэгдэлд өгүүлжээ.

VASA-1 загварыг сургахдаа хүмүүсийн ярьж байгааг харуулсан их хэмжээний дүрс бичлэгийг ашиглаж, уруулын хөдөлгөөн, нүүрний хувирал, нүдний харц зэргийг боловсруулах чадвартай болгожээ.

 

Эх сурвалж: CNN