Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дуламсүрэн: Манай улс ёсзүйн дэд хороог анх удаа байгуулж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

​​​​УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд болж буй юм.

Чуулганаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Ийм тогтоолын төсөл орж ирж байгаад баярлаж байна. Энэ асуудлаар өмнө нь ч ярьж байсан. Төрийн алба хашиж байхдаа ёсзүйн алдаа гаргавал хэрхэн яаж шийдэх вэ гэдэгт саналаа хэлж байлаа.

Бид нар Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхөөс гадна ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдүүлдэг. 

Гэтэл гурван өдөр үргэлжилсэн эмийн сонсголын үеэр тухайн салбарт алба хааж байгаа төрийн ажилтнуудын ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг АТГ-т шийдвэрлэхгүй, зөрчлийн асуудал гарсан ч уг албан тушаалд нь томилдог ноцтой зөрчил илэрсэн. Үүнийг зогсоох хэрэгтэй байна.

Ийм хууль байсаар байтал хэрэгжүүлэхгүй байгаа нь ямар учиртай вэ, төрийн ажил гэдэг иргэндээ хүрч ажиллахыг хэлдэг. Гэтэл үүдэндээ иргэнээ хүлээлгээд суугаад байдаг төрийн алба хаагчдыг яах вэ гэдэг асуудал яригдаж байна. 

Энэ хуулийг баталснаар байгууллагад төрийн албанд анх ажилд авахдаа ёсзүйн сургалтад оруулах заалт оруулж байх заалт орж ирж байна. Энэ бол маш зөв санаачилга.

Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх үеэр бүгд сууж байсан ч ёсзүйн тогтоолыг хэлэлцэх үеэр ихэнх нь гараад явчих юм. 

Энэ хуульд Төрийн албан хаагчийн ёсзүйтэй ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, дэмжих арга хэрэгслийг өргөжүүлнэ гэдэг дээр тайлбар хүсье" гэв.

Түүний асуултад Ёс зүйн хорооны гишүүн Д.Дуламсүрэн "Төрийн албанд анх ажиллах болон албан үүрэг нь өөрчлөгдөж буй хүмүүсээс АТГ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг авдаг. АТГ энэ мэдүүлэг дээр үндэслэн цаашид ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг нягталдаг.

Улмаар удирдах албан тушаалтанд нь мэдэгдэх, тухайн ажилд нь оруулалгүй түдгэлзүүлэх гэх мэтээр арга хэмжээ авдаг.

Төрийн алба хаагчид дунд судалгаа явуулахад ёсзүйн шаардлагад нийцсэн эсэх нь хангалттай үр дүнд хүрээгүй. Өмнө нь ёсзүйн зөвлөл гэж байсан бол энэ статусыг өөрчилж албан байгууллагууд ёсзүйн дэд хороотой болж байна. Манай улсын түүхэнд ёсзүйн дэд хороог анх удаа байгуулж буй. Тиймээс өмнөхөөс илүү үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна" гэж ярилаа.

Үүний дараа “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг батлах тухай санал хураалт явагдахад 39 гишүүн оролцож 20 гишүүн дэмжсэн буюу 51.3 хувийн саналаар баталлаа.