Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Анагаах ухааны эртний сударт буй мэдлэгийн их сангаас XXI зууны анагаахын шинжлэх ухааны "Гайхамшиг"-ийг бүтээх боломж

ikon.mn
2024 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Академич Ш.Болд (МАУА, ШУА), дэд профессор Б.Гэрэлмаа (“Ач” АУИС), их эмч Б.Нандин-Эрдэнэ, профессор Д.Шагдарсүрэн (ЭЗШУИС) нар уламжлалт анагаахын шинжлэх ухааны зарим мэдлэгийг орчин цагийн шинжлэх аргаар нотолгоожуулах зорилгоор судалгаа хийж буй аж. 

Тэд одоогоор тодорхой болоод буй судалгааны зарим үр дүнгээрээ өгүүлэл бичсэнийг хүргэж байна. 



зураг
 

Шинжлэх ухааны мэдлэгийг бүтээдэг тусгай хүн, ард түмэн гэж байхгүй. Аль ч улс үндэстэнд өөрийн гэсэн түүх, соёл, бүтээл туурвил, шинжлэх ухааны ололт бий. Бидний өвөг дээдэс ч гэсэн өөрсдийн бүтээсэн мэдлэгээ тухайн цаг хугацаандаа хэрэглэхийн зэрэгцээ судар номондоо баринтаглан хойч үедээ харамгүй үлдээжээ. Үүгээр ч зогсохгүй зарим монгол мэргэдийн шинэ санаа, шинжлэх ухааны ололт нь хожим хойно бусад улсын эрдэмтдийн оюунаар давтагдан нээлт болж шинжлэх ухааны оргил амжилтад өгдөг хамгийн нэр хүндтэй “Нобелийн шагнал”-ыг хүртжээ.

Тухайлбал XXI зууны эхэнд Австралийн эрдэмтэн Барри Ж.Маршал, Ж.Робин Варрен нар “Хеликобактер пилори түүний ходоод, гэдэсний шархлаа өвчин үүсэхэд гүйцэтгэх үүрэг”-ийг нээсэн судалгааны ажлаараа 2005 оны Нобелийн шагнал хүртсэн. Шинжлэх ухаанд хувьсгал хийх оролдлого ихэнхдээ амжилтгүй болдог. Маш цөөхөн хэсэг нь шинэ парадигмийг бий болгоно. Шинэ парадигм амжилттай болсон тохиолдолд дэлхийн шинжлэх ухаанд өргөн хүрээтэй өөрчлөлт хийгддэг. Барри Ж.Маршал, Ж.Робин Варрен нарын нээлт ходоодны өвчний шалтгаан, эмчлэх аргыг үндсээр нь өөрчилсөн. Олзуурхууштай нь Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) хэмээх монгол эрдэмтэн ходоодны өвчний нэг шалтгаан нь хорхой (бактер) болохыг тогтоож, хэрхэн эмчлэх аргыг нь “Рашааны цагаан шүүдэр” (1786) судартаа бичиж үлдээжээ. Харамсмаар зүйл нь түүний хойч үе нь энэ нээлтийг дэндүү хожуу олж мэдсэн.

2008 оны Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хоёр хуваан олгосны хагасыг нь Харалд зур Хаусен "Умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг хүний хөхөнцөр вирус (human papillomavirus)”-ийг нээсний төлөө хүртсэн. Гэтэл Сүмбэ хамба Ишбалжир умайд хорхой байдгийг 1786 онд нээж “Рашааны цагаан шүүдэр” судартаа: умайн хорхой догширвол Жирүг-8-ыг найруулж умайд нь хийнэ. Олон зүйлийн цэцэг, үрийн зүйлээр жин тавина гэхчлэн эмчлэх аргыг тэмдэглэн үлдээжээ. Сүмбэ хамба Ишбалжирын хоёр “нээлт” хожим дахин судлагдан хоёулаа Нобелийн шагнал эзэндээ хүртээх боломж олгожээ.

Өрнө дахинаа, түүгээр уламжлан бид ч одоо болтол мөрдсөөр яваа номлолоор бол үхрийн цэцгийн цэврүүний шингэнийг халдварт цагаан цэцэг (бодоо) халдварт өвчнөөс сэргийлэхээр хэрэглэсэн тухайгаа 1798 онд нийтлүүлсэн Английн эмч Эдуард Женнерийг халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг анх боловсруулсан судлаач хэмээн тооцдог билээ. Тэгтэл Цахар гэвш Лувсанчүлтэм (1740-1810) бодоогоос сэргийлэх ерөндөг боловсруулах аргыг бичиглэсэн “Тэнгэрийн цагаан цэцэг тарих эм найруулах ёс хийгээд түүнийг дарах ёсон” хэмээх бэсрэг судраа Э.Женнерээс 13 жилийн өмнө буюу 1785 онд нийтлүүлжээ. Монгол тооллын ёсоор бол нэг үе мултарсан хугацааны өмнө гэсэн үг юм. Энэ мэтээр шинжлэх ухааны багагүй ололтыг дурдаж болно. Дурдаад зогсохгүй нэгэн зүйлийг онцлоход Сүмбэ хамбын умайн хорхойн эмчилгээний аргыг бид үргэлжлүүлэн судалж Монголд жилд 400 шахам эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилж, 160 гаруй эмэгтэй нас барж байгааг бууруулахад хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд монгол зохиогчтой анагаах ухааны эртний судруудыг олох, цуглуулах, бүртгэлжүүлэх ажлыг “Уламжлалт анагаах ухааны 108 боть” төслийн хүрээнд хийж одоогоор 250 судар ном, гадаад зохиогчтой (төвөд хэлээр бичсэн, санскрит, хятад, манж, орос хэлнээс орчуулсан) 131 судрыг гарчгаар нь жагсаан цахим бүртгэлд оруулаад байна. Эдгээр судруудад байгаа уламжлалт анагаахын шинжлэх ухааны зарим мэдлэгийг орчин цагийн шинжлэх аргаар нотолгоожуулах зорилгоор хийж буй судалгааны хоёр ажлаа жишээ болгон товч толилуулъя.

1. Эрдэнийн дээд ринсрэлийн судалгааны зарим үр дүн

Ринсрэлийг төвөдөөр ring srel англиар relic (whitish, pill-like stuff from cremation residues-чандарлах үлдэгдлээс үүссэн цайвар үрэл мэт зүйл), монголоор лагшин эрдэнэ, санскритаар śarīra-лагшингийн сувд, болор, хятадаар 舍利 гэж нэрлэдэг. Заримдаа mchog gi nor bu - дээд эрдэнэ, nang gi nor bu – дотоод эрдэнэ гэж тэмдэглэсэн байна. Энэхүү эрдэнэ хаанаас гардаг вэ? Байдаг гэдэг нь үнэн үү? Хуурамч байх уу? Хэрхэн нотлох вэ? Ямар ач тус, үйлдэлтэй юм бэ? гээд олон асуулт гарна. Чухамдаа ринсрэл гэдэг нь шашин номын зарим багш, егзөр, номонд цагаарсан гэгээнтэн нар тэнгэрт хальсны дараа лагшинг хайлуулахад чандраас нь гардаг янз бүрийн өнгөтэй нэгэн зүйлийн эрдэнийн чулууг хэлнэ. Үүгээр ч үл барам үнс, ясны хэсгүүдийг цуглуулж, хэсэг хугацаанд хадгалсны дараа ринсрэл үүсэх тохиолдол ч байдгийг судар номонд тэмдэглэжээ.

Бидэнд олдоод байгаа баримтаас үзэхэд ринсрэлийн тухай Гуравдугаар дүрийн Гармава Ранжүндорж (1284-1339) "Эмийн нэрсийн далай" номондоо хүссэн хэрэг бүгдийг бүтээнэ гэж товч, тодорхой дурджээ. sDom gsum rab dbye хэмээх номондоо алдарт “Субашид”-ыг бичсэн Сажа бандида Гунгаажалцан (1182-1251) ринсрэлийг хэрхэн таних, хуурамчаар хийдэг ялангуяа хуурамч ламаас сүсэгтэн олныг төөрүүлэхийн тухайд хийсэн нь олон байдаг хэмээсэн байна. Тиймээс жинхэнийг нь олох, нүдээр үзэх, гартаа барих, аялгууг нь сонсох, үнэрлэх, амтыг нь сэтгэлдээ төсөөлөх, эцэст нь судлан шинжлэх нь нэн чухал юм.

Дармо маарамба Лувсанчойдог (1638-1710)-гийн "Сайн номлол цагаан лянхуан эрхи хэмээх оршвой” судартаа:

  1. Лагшин эрдэнийн ринсрэл,
  2. Лагшин унгарилын ринсрэл (үс, хумснаас гарсан),
  3. Гичийн үр мэт ринсрэл,
  4. Номын лагшингийн ринсрэл гэж дөрөв хуваажээ. Сайтар тахин, биедээ зүүсэн төдийхнөөр санасан хэрэг бүхэн бүтнэ хэмээн номложээ.

Дэүмар гэвш Данзанпунцаг (1672-1739)-ийн “Эмийн шилэн бөмбөг” номонд: Бүтээлч буянтны лагшин эрдэнийг тахиж, биедээ хадгалж үйлдвээс өвчний ад дон бүхэн халдаж үл чадна хэмээсэн байна. Дээрх дөрвөн эрдэмтнээс гадна “Нэрийтгэлээс гэтэлснийг үзүүлсэн ганц хөвгүүний нууцын тайлбар” хэмээх сударт:

Яснаас цагаан ринсрэл, махнаас улаан, шар уснаас хөх, арьснаас алтан өнгөт шарам буурцаг төдий, зүрхэнд таван өнгө гарах болой хэмээсэн байна.

Энэхүү баримт нь ринсрэл ихэнхдээ цагаан, улаан, ногоон, хөх, шар зэрэг өнгөтэй хэмжээний хувьд янз бүр байдгийг тодорхойлсон байна. Тэгэхлээр янз бүрийн цаг хугацаанд бичсэн олон эрдэмтэд өөр өөрийн бүтээлдээ ринсрэл гэдэг нь бодитой байдаг, хаанаас гардгийг тодорхой бичжээ. Гэхдээ жинхэнэ ринсрэлийг олох нь чухал байна.

Ринсрэл хэмээх энэ чулууны тус эрдэм, хэрэглээг дээрх судруудын тэмдэглэлээс нэгтгэн үзвэл юуны өмнө дэв бузар, цөв шүглэснийг ариутган цэвэрлэнэ. Ялангуяа

  1. тачаангуйн дэв (хуял тачаал),
  2. муу санааны дэв (шунал, атга санаа),
  3. хилэнгийн дэв (уурын мунхаг),
  4. нөхцөх дэв (бузартах)-ийг угаах адил арилгана (энэ дөрвөн дэв бол сэтгэцийн өвчний хүрээнд хамаарагдана).

Түүнчлэн мунхгаас хагацах агуу их эрх чөлөөний болон ариун эд баялгийн үрийг олно. Бүтээлч төрөлхтний лагшин эрдэнэ ринсрэлийг тахиж, биедээ хадгалж үйлдвээс өвчний ад дон бүхэн халдаж үл чадна. Хүссэн хэрэг бүгдийг бүтээнэ хэмээжээ.

Бид судалгааны явцад Гандантэгчэнлин хийдийн Их гэсгүй багштаны лагшинг хайлуулснаас гарсан олон өнгийн ринсрэлийг судлах хувь олдсон. Их гэсгүй багштан 2019 он, гахай жилийн зуны дунд сарын хуучдын 17-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлж, дүрст лагшингаа номын агаарт хураасан. Багштаны лагшин шүтээнийг хайлахад их эрдэнийн үрэл, ринсрэл тэргүүтэн олон гарсан (дараах зургуудыг үзнэ үү).

Ринсрэлийн эрдсийн бүтцийн судалгааг Геологийн төв лабораторид хийсэн. Дээжийг нь 1, 2, 3, 4, 5 гэж дугаарлан улмаар 1377, 1378, 1379, 1380, 1381 гэсэн лабораторийн дугаар өгч судалгааг явуулсан. Таван дээжийг сонгохдоо язгуурын таван бурхны: Намбарнанзад (Vairochana), Минтүгва (Akshohya), Раднасамбава (Ratnasambhava), Авид (Amitabha), Амгаасид (Amogasiddhi)-ын өнгийг бэлгэдэн: цагаан, хөх, шар, улаан, ногоон өнгөтэйг сонгосон. ЭЗШУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар судалгааны ажлын аргаа хэлэлцүүлж, Их гэсгүй багштаны ойрын хамаатнаас албан ёсоор зөвшөөрөл авсан. Судалгаанд авсан дээж тус бүрийн үр дүнг доорх хүснэгтээр үзүүлэв.

1. дугаар 1377

2. дугаар 1378

3. дугаар 1379

4. дугаар 1380

5. дугаар 1381

Fe-iron 0.33%

Fe-iron 0.33%

Sr-strontium 0.24%

Fe-iron 0.09%

Zn-zinc 0.53%

Ti - titanium 0.07%

Cr-chromium  0.13%

Fe-iron 0.08%

Mn-manganese  0.06%

Fe-iron 0.03%

Ca-calcium 0.30%

Ti-titanium  0.01%

Mn-manganese  0.03%

Cr-chromium  0.01%

Ti-titanium 0.01%

K-potassium 2.54%

Ca-calcium 0.81%

Ca-calcium  40.29%

Ti-titanium

0.01%

Ca-calcium 0.35%

AI-aluminum 0.68%

K-potassium 5.44%

K-potassium  0.34%

Ca-calcium 2.24%

K-potassium 1.55%

P-phosphorus 0.14%

AI-aluminum  0.26%

AI-aluminum 0.31%

K-potassium  5.85%

AI-aluminum 0.07%

Si-silicon 29.86% 

P-phosphorus  1.55%

P-phosphorus  1.25%

AI-aluminum

0.26%

P-phosphorus  0.11%

 

Si-silicon

 22.01% 

Si-silicon 1.79% 

P-phosphorus  0.71%

Si-silicon  5.33% 

 

 

 

Si-silicon

20.93% 

 

Хүний бие махбодын бодисын солилцооны биохимийн процесст оролцдог хамгийн шаардлагатай 30 макро, микро элементүүд байдаг. Эдгээрээс 1 дүгээр дээжид 7 элемент, 2, 3, 5 дугаар дээжид 8, 4 дүгээр дээжид 9 элемент тогтоогджээ. Сонирхолтой нь дээж болгонд хүний биед байдаг хамгийн чухал 11 элементийн ихэнх нь байгаагаас кальц, кали, цахиур нь 2.54%-40.29% хүртэл агуулагдаж байна.

Сүүлийн үеийн судалгаагаар тархи болон зан үйлийн хөдлөлд макро, микро элементүүд чухал нөлөө үзүүлдэг судалгаа их хийгдэж нотолгоожуулсаар байна. Цайр, зэс, магни нь глутамат рецепторын дэд төрлийг (NMDA рецептор) хянаж, тархи, мэдрэлийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэйг баталсан. Мөн макро, микро элементийн дутагдал нь сэтгэлийн хямрал, сэтгэл гутралын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Японд хийсэн судалгаагаар натри, кали, кальц, фосфор, төмөр, цайр, зэс зэрэг эрдэс бодис сэтгэл гутралтай өндөр настангуудад мэдэгдэхүйц бага байгааг тогтоосон. Тиймээс ринсрэл нь дэв бузар, цөв шүглэх, ад донг сахих, эдгээр сэтгэцийн эмгэгээс сэргийлэх, эмчлэх боломжийг олгож байна. Магадгүй хүний бодол нь бөөмсийн туулах замыг өөрчилдөг буюу бодисын төлөв бүрэлдэхэд хүний бодол санаа нөлөөлдгийг, нөгөө талаар бөөмс нь долгионлог, бөөмлөг төлөвт нэгэн зэрэг хосолмол байдалтай байдаг тухай квант физикийн онолтой уялдуулан, сэтгэлээ ариусгаж гэгээрсэн хүний оршихуйгаас үлдсэн ринсрэлийн эрдэм чадал, үйлдлийг судлах нь ихээхэн сонирхолтой үр дүнг авчрах боломжтой юм. Энэ мэтчилэн ринсрэлийн хүссэн хэрэг бүгдийг хэрхэн бүтээдэг, хүрээлэн буй орчин, хувь хүний сэтгэцийн өөрчлөлт, хүн хоорондын сөрөг харилцаа, хандлагыг тэгшитгэх үйлдлийг хэрхэн үзүүлдгийн учрыг олох, шинжлэх ухааны үндсийг тайлбарлах гээд олон асуудал бидний өмнө тавигдаад байна.

2. Хүний өтгөнийг эм болгон хэрэглэх тухай эртний сударт бичсэнийг XXI зуунд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) баталжээ

Ийм гарчиг өгсөн нь их учиртай. Хэрэв өнөөгийн Монгол Улсын эмч, судлаачид өтгөнийг эм болгон хэрэглэсэн гэж өндөр хөгжилтэй орны судлаачаас эхэлж дуугарсан бол “тэнэг”, “заваан” гээд л бичих байсан нь магад. АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) хүний өтгөнөөс гарган авсан эмийг хэрэглээнд албан ёсоор нэвтрүүлсний дараа тийм арга манай эртний эмч, эрдэмтэд өөрсдийн бүтээлд бичсэн байсныг одоо судалж байна гэвэл сөрөг хандлага нь арай багасна.

Миндол номун хан Жамбалчойжиданзанпэрэнлэй (1789-1838)-н зохиосон “Man ngag rin chen 'byung gnas” (1829) сударт Амь баригч-25 гэж эм бий. Энэ эм 25 найрлагатай бөгөөд үүний нэг эмийн түүхий эд болох Их үнэрт (dri chen)-ийг 4 цэн хийнэ гэж бичжээ. Их үнэрт гэдэг нь ёгт нэр, хүний өтгөн гэсэн утгатай үг. Чухамдаа ариун гэлэн, эрүүл хүний хүчин төгөлдөр шатаасан өтгөний (баас) үнсийг хэлж буй. Найруулсан эмээ дөрвөн гаргалт (цагаан, улаан, саримс, исгэлэн)-ын хөлгөөр хөлөглөж үүр цайх болон оройн цагаар өгнө. Мах, арьс, судас, ясанд оршсон гадар хий, таван цул зургаан саванд оршсон дотор хий, амь баригч тэргүүтэн таван зүйлийн нууц хий, хүний биеийн дээд, доод, завсар гуравт оршсон хий тэргүүтэн бүх төрлийн хийн гэмд ганц энэ найрлагаар бүхнийг дарна хэмээжээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны эм найрлагын баримжаанд Амь баригч-25 эмэнд Их үнэртийн оронд зэрлэг гахайн баасыг битүү шатаан үнсийг нь орлуулан хийдэг. Учир нь хүний өтгөнийг эмэнд хийж болохгүйд оршино. Одоогоор бид зэрлэг гахайн баасны үнс, эрүүл хүний өтгөний үнсний эмийн үйлдэлд ялгаа байна уу? Байвал ямар ялгаатай? Орлуулж хэрэглэж болох эсэхийг тогтоох нь чухал учраас энэхүү судалгааг хийж байна. Аливаа эмийн түүхий эдийг орлуулахад их учир бий. Заримдаа эмийн үйлдлийг бууруулах тохиолдол байдаг. Тиймээс аль болох уламжлалт мэдлэгийн ёсоор эрүүл хүний өтгөнийг хатаагаад, битүү шатаагаад, үнсийг нь хэрэглэх чухал юм. Ер нь Миндол номун ханы эмийн сударт байгаа 23 эмийн найрлагад Их үнэрт буюу хүний өтгөн орсон байна. Эдгээр эмийн зарим нь орчин цагийн анагаах ухааны ойлголтоор ходоод, элэг, гэдэс, олгойн хавдрын урьтал өвчнийг эмчлэх жорууд юм. Жоруудын ихэнхийг найруулдаггүй, цөөхөн эмэнд нь зэрлэг гахайн баасны үнсийг орлуулан хэрэглэдэг.

Гэтэл АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) 2023 оны 4 дүгээр сарын 26-нд эрүүл хүний өтгөнөөс гарган авсан эмийг хэрэглэх зөвшөөрөл өгөв хэмээн мэдээлжээ. Энэ нь эрүүл хүний өтгөнөөс гаргаж авсан хоёр дахь эмчилгээний арга юм. Эхнийх нь 2022 оны 12-р сард хэрэглэхээр батлагдсан бургуйд суурилсан эмчилгээ юм. Хүний гэдэсний эрүүл нянгаар хийсэн өтгөний бичил биетийн бүтээгдэхүүн гэж нэрлэдэг энэхүү эм нь гэдэсний бичил биетийг нөхөж, дахин давтагдах C.diff (Clostridioides difficile) нянгаас сэргийлэх эмчилгээний цоо шинэ арга юм. Тиймээс энэ мэдээ нь Амь баригч-25 жоронд эрүүл хүний өтгөнийг номхотгон хэрэглэж болно гэсэн үг болж таарлаа.

Ташрамд дурдахад Монголын уламжлалт анагаах ухаанд хүний мах, өөхийг ихээхэн хэрэглэдэг. Одоогоор эдгээрийг туулайн зүрх, тарваганы өөхөөр орлуулж байна. Цаашид “Донорын тухай” хуулиар зохицуулах боломжтой юм. Үүнээс гадна төрсөн эхийн ихсийг жорын найрлагад оруулдаг. Гэхдээ хүний ихэс орсон жорыг өнөөг хүртэл уламжлалт анагаах ухааны практикт албан ёсоор хэрэглээгүй байна. Гэтэл АНУ-д Түгээмэл хатуурал (Multiple sclerosis)-ыг хүний ихсээс ялган авсан PDA-001 эсээр эмчлэх асуудлыг 2014 оноос судалж байна. Тиймээс уламжлалт анагаах ухааны онол ёсоор 18 нас хүрсэн, анхны төрөгч, эрүүл эхийн ихсээр найруулсан эмийг хэрэглэх боломж нээгдлээ. Үүний зэрэгцээ уламжлалт анагаах ухааны эм судлалд гурван зунгаг (phya tshan gsum) гэсэн ойлголт бий. Эхээс дөнгөж төрсөн, хөхөө амлаагүй хүүхэд, гүү, жингэрийн сая төрсөн үр төлийн гардасыг гурван зунгаг гэдэг. Эдгээр нь бүгд эмийн чухал түүхий эд юм. Одоогоор хүүхдийн зунгагаас арьс, гоо сайхны бүтээгдэхүүн гарган авах чиглэлээр судалгаа хийж байна. Энэ мэтчилэн бидний өмнө өвөг дээдсийнхээ үлдээсэн анагаах ухааны эртний сударт буй мэдлэгийн арвин сангаас XXI зууны анагаахын шинжлэх ухааны тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгааг нээн гаргах боломжууд ундарсаар байна.

Академич Шаравын Болд (МАУА, ШУА)
Дэд профессор Б.Гэрэлмаа (“Ач” АУИС)
Их эмч Б.Нандин-Эрдэнэ
Профессор Д.Шагдарсүрэн (ЭЗШУИС)