Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тэйлор Свифт тэрбумтнуудын эгнээнд дэвшжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Америкийн поп од Тэйлор Свифт дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад албан ёсоор багтах болжээ.

Форбс сэтгүүлээс гаргасан шинэ жагсаалтад тэр $1.1 тэрбумын хөрөнгөөр багтжээ. Свифттэй цуг хиймэл оюуны технологийн OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн $1 тэрбумын хөрөнгөөр жагсаалтад шинээр орсон байна.

Жагсаалтыг Францын LVMH группийн эзэн Бернар Арно $233 тэрбумын хөрөнгөөр тэргүүлжээ.

2024 оны жагсаалтад 2,781 тэрбумтан багтсан нь түүхэн дээд үзүүлэлт болохыг Форбс мэдээлсэн байна.

Тухайлбал 2023 оны жагсаалтаас 141 тэрбумтнаар илүү гарч, 2021 онд тогтоосон өмнөх дээд амжилтыг 26-аар ахиулжээ.

Шинэ жагсаалтад багтсан тэрбумтнуудын нийлбэр хөрөнгийн хэмжээ $14.2 их наяд хүрсэн нь ч бас шинэ дээд амжилт тогтоосон байна.

Тэйлор Свифтийн хувьд “1989” цомог нь өнгөрсөн онд борлуулалтаараа тэргүүлсэн. Тэрбээр Грэммийн шагналын оны шилдэг цомгийн эзнээр дөрвөн удаа тодорсон анхны уран бүтээлч болсон юм.

Манай гарагийн хамгийн баян арван эрхмийн найм нь АНУ-ын иргэд, зургаа нь технологийн салбараас тодорсон байна.

Францын тэргүүн баяны араас $195 тэрбумын хөрөнгөтэй Илон Маск удаалжээ.

Маск 2021 оны арваннэгдүгээр сард хөрөнгө нь $300 тэрбумын босгыг давсан анхны хүн болж байв. Гэвч өнгөрсөн хугацаанд түүний хөрөнгийн хэмжээ нэлээд буураад байгаа.

Маскийн араас Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безос жагсжээ.

Тэрбумтнуудын жагсаалтад шинээр нэмэгдсэн хүмүүсийн дунд тус бүр $1.2 тэрбумын хөрөнгөтэй сагсан бөмбөгийн домог Мэжик Жонсон, телевизийн цувралын найруулагч Дик Вольф нар байна.

Энэ жилийн жагсаалтад зуугаар хэмжигдэх тэрбумын хөрөнгөтэй 14 хүн багтсан нь бас түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Жагсаалтад 813 иргэнээ багтаасан АНУ тэргүүлж байна.

Араас нь Хятад, Энэтхэг улсууд удаалжээ.

Энэ жилийн жагсаалтаас 189 хүн хасагдсаны 129 нь Хятадын иргэд байсан байна.

Эдийн засгийн хямрал үүнд нөлөөлжээ.

Бас 32 тэрбумтан нас барсан нь тэдний дунд байгаа юм. Тухайлбал Египетийн бизнесмэн Мохамед Аль-Файд, Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони, Чилийн ерөнхийлөгч асан Себастян Пинера зэрэг тэрбумтнууд өнгөрсөн онд нас баржээ.

 

Эх сурвалж: BBC