Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн хүчирхэг MRI машиныг ашиглаж эхэллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн хүчирхэг MRI машин буюу соронзон резонанс томографийг хүний тархины шинжилгээнд ашиглаж эхэлжээ.

Францын Атомын Эрчим Хүчний Хорооны (CEA) мэргэжилтнүүд 2021 онд энэхүү шинэ техникээрээ хулууны зургийг буулган туршиж байсан юм.

Харин саяхан тус улсын эрх баригчид шинэ MRI машиныг хүн дээр ашиглах зөвшөөрөл өгсөн байна.

Сүүлийн цөөн хэдэн сарын хугацаанд ямар нэг архаг хууч өвчингүй, сайн дурын 20 орчим хүн Парисын өмнөд дүүрэгт оршдог Плато де Саклай дахь MRI машинаар шинжлүүлжээ.

Шинэ машины үүсгэдэг соронзон орны хэмжээ 11.7 тесла тул өнөөдөр түгээмэл ашигладаг MRI машинуудаас 10 дахин өндөр нарийвчлалтай юм байна.

Өмнөх технологийн машинуудын соронзон орны хэмжээ гурван теслагаас хэтэрдэггүй.

“Энэ машины тусламжтай бид тархины бор гадаргыг тэжээдэг жижиг судаснууд, өнөөдрийг хүртэл бараг үл үзэгдэгч байсан тархины нарийн ширийнийг харж болно” гэж төслийн физикч Александр Вигно тайлбарлажээ.

Францын шинжлэх ухааны сайд Силви Ретайло “итгэмээргүй өндөр нарийвчлалтай” гэж шинэ машины хүчин чадлыг магтсан байна.

“Дэлхийд анх удаа тархины эмгэгийг илүү сайн илрүүлж, эмчлэх боломжтой боллоо” гэж сайд мэдэгдэлдээ өгүүлжээ.

Шинэ MRI машин 5 метрийн урт болон өргөнтэй, 1,500 ампер гүйдэлтэй ороомог, 132 тонн жинтэй соронзтой юм байна.

Ийм аварга том машинд хүнийг 90 см-ийн өргөн цонхоор оруулдаг ажээ.

Уг хэлбэр, дизайн нь Франц, Германы эрдэмтдийн 20 орчим жилийн ажлын үр дүн юм.

АНУ, Өмнөд Солонгос улсууд үүнтэй ижил хүчин чадалтай MRI машин бүтээхээр ажиллаж байгаа ч одоогоор хүн дээр туршиж эхлээгүй байна.

Шинэ машины зорилго нь хүний тархины анатомийг бүрэн ойлгож, тархины хэсэг тус бүр ямар зорилгоор ажилладгийг тогтоох юм.

Одоогоор эрдэмтэд хүний царай, газарзүйн байршил, үгсийг тогтооход тархины аль хэсэг оролцдогийг тогтоогоод байгаа.

Шинэ машины тусламжтайгаар тархины бүтэц болон танин мэдэхүйн үүрэг функцийн хамаарлыг судлах юм байна.

Тухайлбал ном унших, тооцоолох зэрэг үйлдэлд тархи яаж ажилладгийг тогтоох боломжтой болох гэнэ.

Мөн Паркинсоны болон Алцхаймерын өвчин, сэтгэлийн хямрал, шизофрени зэрэг сэтгэлзүйн нөхцөл байдлыг судлахад тус болох ажээ.

Гэхдээ шинэ MRI машиныг ойрын жилүүдэд эмнэлгийн шинжилгээнд ашиглахгүй, зөвхөн судалгааны зориулалтаар эрүүл хүмүүсийн тархины зураглалыг буулгахад ашиглах юм байна.

 

Эх сурвалж: AFP