38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ.
Онцгой Байдлын Ерөнхий Газраас тодруулснаар Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн "Ногоон дов” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж, ачааны автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага өнөөдөр 10:01 цагт иржээ.
Алба хаагчдыг очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан "ФАВ СА4250" загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобустай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд жолооч хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн тасагт хүргэсэн байна.
Харамсалтай нь автобусны жолооч 36 настай, туслах жолооч 44 настай, эрэгтэй нас барсан байжээ.
Автобусанд явсан хүмүүсээс бэртэж, гэмтсэн 18 ажилтныг аймгийн нэгдсэн эмнэлэгт авчирч, тусламж үзүүлэн Улаанбаатар хот руу тээвэрлэх ажиллагааг зохион байгуулж байгааг мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!